Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Манай эмч, ажилтан өвчтөнөөсөө халдвар авсан гэх хоосон яриа гаргасан хүнийг шийтгэх ёстой

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
ХӨСҮТ /Гэрэл зургийг mpa.mn/

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүс, ирэхээсээ шинжилгээнд хамрагдаж чадсан болов уу?

Д.Нарангэрэл: -Уг нь гаднаас ирэх бүх иргэдээ ирэхээсээ өмнө шинжилгээ хийлгэсэн байх ёстой гэсэн шаардлагыг Эрүүл мэндийн яамнаас тавьж байгаа.

Гэтэл Европын ихэнх орон манай иргэдэд шинжилгээ хийх  байтугай өөрсдийнхөө ч иргэдийг шинжилж чадахгүй байдалтай байгаа.

Тийм ч учраас Европын орнуудаас шинжилгээ хийлгэж чадаагүй ирж буй иргэд асар их эрсдэл дагуулж байна. Түүнээс гадна тухайн улсуудад амьдарч буй манай иргэд ч өвдөх эрсдэл өндөр байгаа.

-Өвчтөнүүдийн биеийн байдлын талаар тодруулахгүй юу. Мөн өчигдөр ирсэн хүмүүсийн шинжилгээний хариуг хэзээ танилцуулах вэ?

Д.Нямхүү: -Өвчтөнүүдийн хувьд биеийн байдал хэвэндээ байна. Зарим өвчтөний хувьд халуун нь багасаж, биеийн байдал нь дээрдсэн.

Өчигдөр ирсэн иргэдийн сорьцыг өнөөдөр цуглуулна. Тиймээс шинжилгээ хариу маргааш гэхэд гарчихна. Бид хянаж байгаа хүмүүсээ тодорхой хугацааны зайтайгаар давтан шинжилгээнүүдэд хамруулна.

-Эмч, ажилчид халдвараас өөрсдөө сэргийлэхэд хэр анхаарч байгаа вэ. Эмнэлгийн ажилтан өвчтөнөөсөө халдвар авсан байж болзошгүй гэсэн яриа гарч байна. Үүнд тайлбар хэлэхгүй юу?

Д.Нямхүү: - Бид эмч ажилчидтайгаа хувийн хамгаалах хэрэгслээ хэрхэн зөв өмсөж, тайлах болоод анхаарал алдахгүй ажиллах тал дээр өглөө бүр зөвлөлдөж, дүрэм журмын дагуу сануулдаг.

Манай эмч, ажилтан өвчтөнөөсөө халдвар авсан гэх хоосон яриа гаргасан бол тухайн хүнийг шийтгэх ёстой. Учир нь энэ мэт ярианаас болж, бидний зохион байгуулалт жоохон л эвдэрвэл түүнийг засахад хэцүү.

-Монголд тусгай үүргийн онгоцоор ирж байгаа хүмүүсийн нэрийг ил тод зарлаж болох уу?

Д.Нямхүү: -Энэ асуудлыг УОК мэднэ. Учир нь УОК, ГХЯ-наас ирэх хүмүүсээ сонгож байгаа. Эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн хүмүүсийг эрэмбэлэн ангилах ажлыг тэд ил тод хийж байгаа. 

УОК маш олон хүний бүрэлдэхүүнтэй ажилладгаас гадна бүрэлдэхүүнд өмнө гамшгийн үед ажиллаж байсан нэлээд туршлагатай хүмүүс багтсан байдаг учир эргэлзэх зүйл байхгүй гэж бодож байна.

Дээрээс нь энэ үйл явцыг Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар давхар хянаж, хамгийн хүнд нөхцөлд орсон иргэдээ, хүсэлт гаргасан цаг хугацаатай нь тулган, эрэмбэлж авчирч байгаа.

Авчирсан хүмүүстээ хаана тусгаарлах зохион байгуулалтыг Эрүүл мэндийн яам хийж буй. Тухайлбал, сэжигтэй тохиолдлуудыг ХӨСҮТ-д тусгаарлаж байгаа шиг Цэргийн төв эмнэлэгт зөвхөн  архаг, хууч өвчтэй хүмүүсийг оруулахаар ил тод ярьж буй.

Үүнд ямар нэг нууж, хаах зүйл байхгүй. Гол нь бид өндөр зохион байгуулалттайгаар иргэдээ татаж байна.

-Эмийн сангуудад иргэд бөөгнөрөл үүсгэж байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

Д.Нарангэрэл: -Эмийн сангуудад бид зөвлөмж, албан бичгүүдийг олон хүргүүлсэн.

Энэ бөөгнөрөл үүсэж байгаа нь шалгааан нь, ахмадууд коронавирусийн халдвар гарснаас болж эм нөөцлөх сонирхолтой байна. Мөн зарим эмийн сан алганы хээ уншигч халдвар дамжуулах магадлалтай учраас хэрэглэхээ больсон нь нэг хүн олон газар дугаарлаж эм авах нөхцлийг үүсгэж байгаа юм.

Үүнд Эрүүл мэндийн даатгалын газар тогтмол шалгалт хийж, зөвлөмж, зөвлөгөө өгөн ажиллаж буй.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/264603241380000/?v=264603241380000

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 7 | 6 цаг