Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Өчигдрийн нислэгээр 13 жирэмсэн, 29 өндөр настан, бага насны хүүхэдтэй 95, эрүүл мэндийн шалтгаантай 43 хүн ирсэн"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр өчигдөр тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн талаарх мэдээллийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өглөө.

Тэрбээр хэлэхдээ “Өчигдөр тусгай үүргийн онгоцоор нийт 278 хүн эх орондоо ирсэн.

Ингээд өчигдөр 289 хүн шинээр тусгаарлалтад орж, нийт тусгаарлалтад байгаа хүний тоо 776 болж байна.

Өчигдөр ирсэн хүмүүс дунд 13 жирэмсэн эмэгтэй, 29 өндөр настан, 43 эрүүл мэндийн шалтгаантай, 95 бага насны хүүхэдтэй хүн байна. Тэднийг Жаргалант, Зүчи, Сэлбэ, Корпорайт зэрэг зочид буудал болон Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-д тусгаарлалаа. Одоогоор тусгаарласан хүмүүсийн биеийн байдал хэвийн байна. 

Тэд коронавирус илрүүлэх лабораторийн шинжилгээ хийлгэлгүй ирсэн учраас бүгд өндөр эрсдэлтэй халдварын бүлэгт багтаж буй.

Гаднаас ирсэн хүмүүсээ эрүүл мэндийн хяналтад сайн байлгахгүй бол нийт иргэдэд эрсдэл үүсгэх магадлалтайг олон улсын туршлага харуулж байна.

Олон улс, оронд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол цаашид хүн амын дунд дэгдэлт хэлбэрээр тархаасан тохиолдол бий учир анхааралтай хандах хэрэгтэй.

Бид дахиад хоёр үүргийн онгоцоор иргэдээ авчирна. Мөн эмнэлгийн орны ачаалал нэмэгдэх, эрүүл мэндийн байгууллагын чадавх хүрэлцэхгүй байдал үүсэж магадгүй байгааг хэлмээр байна" гэсэн юм.

Үргэлжлүүлэн "Онгоцоор ирсэн хүмүүсийг ЗӨСҮТ-ийн баг ажиллаж нийт 309 ширхэг, 6,481 килограмм ачаа тээш, 14 тээврийн тээврийн хэрэгсэлд эцсийн халдваргүйтгэл хийж аюулгүй болгосон" гэдгийг хэлэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/264603241380000/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 7 | 8 цаг