Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энэрэл: Олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан зөрчлийн дөрвөн хэрэг бүртгэгдсэн

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн энэ үед Гамшгаас хамгаалах тухай хууль, хорио цээрийн дэглэм зөрчих зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлт ямар байдалтай байгаа талаар УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Энэрэлээс тодрууллаа.

- Хорио цээрийн дэглэмийн үед гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчлийн хэргийн гаралт шийдвэрлэлт ямар байна вэ?

- Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Улсын Ерөнхий Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс нь Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих болон холбогдох бусад хууль зөрчих зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдалд тогтмол хяналт тавьж ажиллаж байна. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий байгууллагын албан тушаалтнуудаас Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих болон холбогдох бусад зөрчлийн талаарх 8,362 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 0.5 хувьд нь зөрчлийн хэрэг нээж, 98.3 хувьд нь хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулжээ. Үүнээс 3 гомдол мэдээлэлд гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

- Хорио цээрийн дэглэм тогтоосноос хойших хугацаанд ямар төрлийн зөрчлийн хэргүүд түгээмэл үйлдэгдсэн бэ?

- Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд заасан “Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих” зөрчлийн талаар нийт 573 гомдол, мэдээлэл бүртгэгдэн шалгагдсан. Үүнээс 34 нь олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ мэдээлэл түгээсэн, тараасан, 308 нь хорио цээр хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн, 213 нь тогтоосон хязгаарлалтыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан, 18 нь олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан зөрчилтэй холбоотой байна.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлд заасан “Хуурамч дуудлага мэдээлэл” өгсөн 3, Зөрчлийн тухай хуулийн 6.23 дугаар зүйлд заасан олон улсын хөл хориот өвчин гарсан улс орноос ирсэн хүн эрүүл мэндийн тодорхойлолтыг мэдүүлэхээс татгалзсан 2 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл ирсэн байна.

Дээрх хугацаанд Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих болон холбогдох бусад хууль зөрчсөн нийт 45 хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 57.7 хувьд нь шийтгэл оногдуулсан.

Нийслэл, дүүргүүдийн прокурорын газрын хяналтад 20, Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтад зургаан зөрчлийн хэрэг шалгагдсан нь бусад газруудтай харьцуулахад хамгийн их байна.

Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан нийт хэргээс 36 нь “Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих” зөрчлийн хэрэг байгаа бөгөөд үүнээс 7 нь олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ мэдээлэл түгээсэн, тараасан, 11 нь хорио цээр хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн, 14 нь тогтоосон хязгаарлалтыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан, 4 нь олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан зөрчлийн хэрэг байна.

Түүнчлэн олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан болон эрүүл мэндийн тодорхойлолтыг мэдүүлэхээс татгалзсан тус бүр 1, бусад зүйл хэсгийг зөрчсөн 7 хэрэг бүртгэгдсэн.

- Олон нийтийн гудамж талбайд нус цэрээ хаясан тохиолдолд зөрчлийн хуулиар торгуультай. Хорио цээрийн энэ үед энэ төрлийн зөрчлийн хэрэг хэр их гарсан бэ? 

Нийт гомдол, мэдээллийн 7,591 буюу 90.7 хувийг олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаях зэргээр олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан зөрчил эзэлж байна. 

Дэлхий нийтэд шинэ коронавирусийн тархалт өдөр бүр өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд иргэд олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явах, амны хаалт тогтмол хэрэглэхгүйгээс өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулах, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчих зэргээр хэрэг зөрчилд холбогдож байгааг анхааруулан, сэрэмжлүүлж байна.