Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Дархлааны паспорт” халдварыг улам нэмэгдүүлэх эрсдэлтэйг ДЭМБ анхаарууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн олон орон цар тахлыг хязгаарлах зорилгоор тогтоосон хорио цээрийн дэглэмээ сулруулж эхлээд байна.

Ингэхдээ зарим улсын засгийн газар Covid-19 өвчнөөр өвдөөд эдгэрсэн хүмүүст “дархлааны паспорт” гэгдэж буй бичиг баримт олгож, чөлөөтэй зорчих, ажиллах боломж өгөх тухай ярьж байгаа.

Тэгвэл өчигдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага уг санааг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ.

Тус байгууллагын мэдэгдэлд коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст дархлаа тогтдог гэсэн баталгаа байхгүйг дурдаад “дархлааны паспорт” олгох нь халдварыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг анхааруулсан байна.

Өнөөдөр гарсан ихэнх судалгааны дүгнэлтүүдээс харвал халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн цусанд эсрэг биетүүд үүсдэг ч заримын хүмүүсийнхэд маш бага хэмжээтэй үүсч байгаа гэнэ.

Тиймээс нэг удаа халдвар авсан хүн хоёр дахь удаагаа халдвар авахгүй гэсэн баталгаа байхгүй байна.

Өнөөдөр Герман, Итали, Их Британи зэрэг хэд хэдэн улс хүн амынхаа дунд цусан дахь эсрэг биетийн хэмжээг тогтоох шинжилгээ хийж эхлээд байгаа юм.

Эдгээр шинжилгээнүүд илүү олон хүнийг хамарсны дараа бодитой үр дүн харагдана гэсэн хүлээлт үүсээд байна.

Өнгөрсөн долоо хоногт Чили улсын засгийн газар эдгэрсэн иргэдэдээ “дархлааны паспорт” олгон хөл хорионоос чөлөөлж, ажилд нь оруулах шийдвэр гаргажээ.

 

Эх сурвалж: BBC