Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

SpaceX компани 60 хиймэл дагуул тойрог замд нэмж байрлууллаа

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт SpaceX компани дэлхий даяар интернэтийн үйлчилгээ үзүүлэх зорилготой Starlink төслийнхөө 60 хиймэл дагуулыг Флорида дахь Жон Кеннедийн нэрэмжит сансрын төвөөс хөөргөж, тойрог замд амжилттай хүргэжээ.

Хиймэл дагуулуудыг тойрог замд хүргэсэн Falcon 9 пуужин буцаад далайд байрлуулсан хөвөгч тавцан дээр амжилттай газардсан байна.

Ингэснээр Starlink төсөл долоон удаагийн хөөргөлтөөр тойрог замд 420 хиймэл дагуултай болжээ. Цаашдаа нийт 12,000 болгох зорилготой байгаа.

Төсөл амжилттай хэрэгжвэл дэлхийн хаана ч байгаа хүн бага оврын антены тусламжтай харьцангуй хямд үнэтэй өндөр хурдны интернэтэд холбогдох юм.

SpaceX компани энэ оны сүүлээр Канад болон АНУ-ын хойд хэсэгт үйлчилгээгээ хүргэхээр ажиллаж байна. Харин дэлхий даяар 2021 онд үйлчилгээ нь нээгдэх гэнэ.

Цөөн хиймэл дагуултай байхад хурдны хувьд өндөр биш байх бол тоо нь нэмэгдэх тусам чанар нь сайжрах юм.

Үүнээс гадна SpaceX компани тавдугаар сарын 27-нд буюу сар гаруй хугацааны дараа NASA-гийн сансрын нисгэгчийг олон улсын сансрын станцад хүргэхээр бэлдэж байна. Энэ нь 2011 оноос хойш АНУ анх удаа өөрийн газар шороон дээрээс өөрийн хөлгөөр сансрын нисгэгчээ хөөргөх түүхэн үйл явдал болох юм.

 

Эх сурвалж: The Verge