Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Бадрал: Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой эмнэлэг ашиглалтад орвол гадаадаас иргэдээ олноор татах боломжтой

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Гадаадаас эх орондоо ирэх гэсэн хүсэлт гаргасан иргэдийн тоо 8,000 дөхсөн байгааг ОБЕГ-ын дарга Т.Бадрал УОК-ын Шуурхай штабаас хийсэн өнөөдрийн мэдээллийн үеэр хэлсэн юм.

Мөн тэрбээр Хан-Уул дүүрэгт баригдаж буй эмнэлэг ашиглалтад орвол гаднаас иргэдээ ахиухан татаж боломжтой хэмээн мэдээллээ.

ОБЕГ-ын дарга Т.Бадрал хэлэхдээ "Манай иргэд БНХАУ, ОХУ энэ өвчний улмаас маш богино хугацаанд эмнэлэг барьчихлаа гэж маш олон асууж, ярьж байна. Харин манай улсад бол заавал шинэ эмнэлэг барих шаардлагагүй.

Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг зургаадугаар сарын 1-нд хүлээж авч, эхний ээлжид коронавирусийн тусгаарлалтад ашиглах УОК-ийн шийдвэр гарсан. 

Шинэ эмнэлгийг ашиглалтад оруулахад 8 тэрбум орчим төгрөг шаардлагатай байгаа Сангийн яам яаралтай шийдээд явах байх.

300 ортой тус эмнэлэг нь дотроо 800 өрөөтэй. Маргааш тухайн эмнэлэгт Монгол Улсын Шадар сайд газар дээр нь очиж ажиллана. 

Гаднаас ирэх хүсэлтээ өгч буй иргэдийн асуудал орны хүрэлцээнээс шалтгаалж байгаа учраас зургаадугаар сарын 1-нээс эмнэлгээ ашиглалтад оруулчихвал иргэдээ олноор авчрах бололцоо бий болно гэж харж байгаа.

Тиймээс энэ эмнэлэг бидний хувьд маш чухал юм. Эмнэлгийг ашиглалтад оруулах асуудлыг Засгийн газар бүх талаар нь хариуцаж ажиллаж байгаа” хэмээн онцолсон юм.



Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Хөдөлгөөнийг хязгаарлах асуудалд дэлгэрэнгүй, баттай мэдээлэл өгөөч. Ямар тохиолдол хөдөлгөөнийг хязгаарлах асуудлыг авч хэлэлцэх вэ?

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бүгд ийм арга хэмжээ авч байна. Энэ бол маш өндөр халдварын нөхцөлд хийгддэг ажлууд.

Харин манай улсын хувьд одоогоор хөдөлгөөн ихэссэнийг хүн болгон харж, мэдэрч байгаа.

Гэхдээ гудамжинд амны хаалтгүй хүн харагдахгүй байгаа нь сайн хэрэг. Энэ нь хөдөлгөөнийг хаах эсэх асуудалд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа.

Улсын онцгой комиссын шийдвэрээр эхний ээлжид хаахаар ярьж байгаа. Нөхцөл байдал өнөөдрийн хувьд харьцангуй гайгүй байгаа учраас түр хугацаагаар хойшлуулсан.

Гэхдээ энэ өвчин эмнэлгийн хүрээнээс цааш хальсан тохиолдолд цаашид ийм хязгаарлалт хийж магадгүй.

-Швед болон Туркээс ирэх хүсэлтэй иргэдээ авчрах боломж хэр байгаа бол?

-Гадаадад байгаа иргэдийнхээ тухай асуудлыг төр засаг, Улсын онцгой комисс бодож байна.

Гэхдээ маш их өндөр эрсдэл байгаа учир үүнд бид болгоомжтой хандахаас өөр арга алга.

-Цаашдаа манай эмнэлгийн ажилтнуудын хүний нөөц хэр байгаа вэ?

- Эмнэлгийн бэлэн байдлын хүрээнд бидний ярьж буй дасгал сургуулилалт их чухал байгаа.

Аливаа дасгал сургуулилалт нь өөрсдийнхөө байгаа бололцоогоо үнэлэх, нөөцийг бүрдүүлэх зорилготой байдаг. Тиймээс ийм онцгой үед эмнэлгийн ажилтнууд хэрхэн ажиллах вэ гэдгээ сургуулилалтаар тогтох бөгөөд Дархан-Уул аймагтай хамтран хийхээр ярьж байна.

Хүний нөөцийн тухайд УОК-ийн даргаас өсгөн үүргийн дагуу орон нутагт маш өндөр ачаалалтай байгаа албан хаагчдыг нөхөж, тэдгээрийг амраах бололцоог бий болгох чиглэлээр ажиллана.

Тухайлбал, Дархан-Уул аймаг, Сэлэнгийн эмнэлгийн болон цагдаагийн албан хаагчид маш өндөр ачаалалтай ажиллаж байгаа.

-Халдвартай иргэдийг хотын төвд байлгах нь зөв үү. Одоо тоо нь улам нэмэгдээд байна шүү дээ?

-ХӨСҮТ бол Улаанбаатар хотод маш олон жилийн өмнө баригдсан барилга. Одоогоор хотын хүн амын өсөлттэй холбоотойгоор хотын төвд орсон.

Гэхдээ өнөөдрийн байдлаар бид бүх өвчтөнүүдийг илрүүлж, оношилж, эмчилж, тусгаарлаж чадах байгаа учраас тийм байна гэж хэлэхээсээ илүү цаашид энэ эмнэлгийг анхаарч хотоос зайдуу барих шаардлага байгааг өнөөгийн нөхцөл байдал харуулж байна.

-Төмөр замын ажилтнууд өдөр бүр чөлөөтэй хилээр орж, гарч байна гэсэн мэдээлэл зураг, видеотойгоо явж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Тэдгээр хүмүүсийг төмөр замын хөлөг ажилтнууд гэж нэрлэдэг. Засгийн газрын тогтоол болон хоёр улсын хууль дүрэмд ч орсон байгаа. Энэ хүмүүс заавал хилээр нэвтэрч явах ёстой.

Хилээр орж гарч байгаа ачаа тээвэр, галт тэргийг бүртгэж, заавал хилээр орж, гарч, бүртгэж гарын үсэг зурдаг ажилтай. Энэ бол тэдний өдөр тутмын хийх ёстой ажил.

Гэхдээ тэр хүмүүс бүгд халдвар хамгааллын дэглэм баримталж ажиллаж байгаа. Тийм учраас ямар нэг байдлаар хууль зөрчөөгүй.

-Орон нутагт амны хаалт зүүгээгүй иргэдийг торгох нөхцөл бүрдсэн үү?

-Хэрвээ иргэн амны хаалт зүүхгүй байвал санаатайгаар энэ өвчнийг олон нийтэд халдааж байна гэсэн дүгнэлтэд хүн бүр хүрэх ёстой юм билээ.

Өөрөөр хэлбэл амны хаалт зүүх шаардлагыг биелүүлээгүй хүн нэг ёсондоо бусдын эрүүл мэндэд аюул учруулж байна гэсэн байдлаар гэмт хэрэгтэн болж тооцогдож болно.