Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Шатахууны үнийг 300 биш, 500 төгрөгөөр бууруулахыг шаардлаа

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын Тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын Шатахуун хэрэглэгчдийн холбоо(ШХХ)-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбоо нь шатахууны үнийг 300 биш, 500-650 төгрөгөөр бууруулах бодит нөхцөл байдал үүссэн тул 15-нд ийнхүү бууруулахыг шаардаж байгаагаа мэдэгдлээ. Хэрэв буулгахгүй бол 16-наас 100 машинтай жагсаал зохион байгуулна гэв. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Энэ талаар МШХХ-ны Гүйцэтгэх захирал Г.Сайнбаяр “УУХҮЯ-ны барьдаг жишиг үнэ буюу Сингапурын биржийн сүүлийн 120 хоногийн баррель нефтийн үнэ 2020 оны нэгдүгээр сард 69 ам доллар байсан бол өнөөдөр 26 буюу 40 доллароор буучихаад байхад Монгол Улс 50 төгрөгөөр үнээ бууруулжээ. 

Дөрөвдүгээр сард Монголын шатахуун импортлогчид 1,190 литр буюу нэг тонн дизель түлшийг “Роснефть” компаниас 1,029,000 төгрөгөөр худалдаж авсан байна.  

Импортлогч компаниуд НӨАТ, авто бензин, дизелийн түлшний татвар гээд бусад бүх  татварыг оруулаад нэг тонн дизелийн түлшинд 495,000 төгрөгийн татварт төвлөрүүлж байна. Бусад зардал нь 44,000 төгрөг. Үүнд “Роснефть”-ээс Монгол Улсад ирэх төмөр замын зардал 16,400, агуулахаас ШТС руу явах 4,200, хамгийн хачирхалтай зардал нь бидний тооцсоноор 18%-ийн банкны хүүгийн мөнгөө ард түмнээр төлүүлж байна. 

Түүнээс гадна импортлогч компаниуд бараг ашиггүй ажиллаж байна гэж тайлбарладаг бол нэг тонн тутмаас 225,000 төгрөг авдаг байна. 

Тиймээс 300 төгрөг бол бодит бууралт биш. Тиймээс манай холбооны зүгээс 

  • АИ-80 түлшийг 500
  • АИ-92 түлшийг 500
  • Дизель түлшийг литр тутамд нь 650 төгрөгөөр бууруулах боломжтой гэсэн тооцооллыг хийсэн. 

Дэлхийн зах зээлийн үнэ нэг сараар хоцордог гэж компаниуд тайлбарладаг. Тэгсэн мөртөө үнэ олон улсад нэмэгдэхэд маргааш нь шууд нэмдэг. Импортлогчид компаниуд өнөөдрийн ханшаар 

  • АИ-80 шатахууныг 1,700 төгрөгөөр зарж байгаа буюу 38%-ийн ашиг 
  • АИ-92 шатахуунаас 36.5%
  • Дизель түлшнээс 38%-ийн цэвэр ашиг хийж байна. 

300 төгрөг бууруулна гэдэг бол ашгаа 10% бууруулж байна гэсэн үг. Харин бид 20% бууруулах шаардлага тавьж байгаа. Бидний шаардлагыг албан ёсоор хүлээж авахгүй бол 6-ны өглөө Энхтайваны өргөн чөлөөг хааж, 100 машины жагсаал хийнэ. Мөн АМГТГ-ын Орлогч дарга Ц.Эрдэнэбаярыг халз мэтгэлцээнд урьж байна” гэлээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

Хуурамч шатахууны талаар Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр:

Хуурамч шатахуун буюу шатахууны чанар стандартыг бид 3 жилийн өмнө анх ярьж эхэлсэн. 2017 онд энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулагдсан ч харамсалтай нь бид багтаагүй. Удалгүй ажлын хэсэг амьгүй болсон. 2018 од бид Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлснээр Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. 2019 онд мөн амьгүй болсон.

Дахиад бид ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн. Тэрбээр шаардлагыг авч үзээд УУХҮЯ болон холбогдох байгууллагуудад шалгах үүрэг өгсөн. Үүний дагуу УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүнтэй холбоотой зөрчил асуудлыг шалгаж, тогтоох, зөрчлийг арилгуулах, шийдвэрлэх зорилгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна” гэсэн хариу өгсөн. Энэ ажлын хэсэгт бид орох хүсэлтээ явуулж байгаа. 

Цаашид шатахууны чанар стандартад анхаарч ажилласаар байна” хэмээн ярилаа.