Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Турк болон Европ руу тусгай нислэг хийхээр ярилцаж байгаа. Одоогоор хугацаа тодорхой болоогүй"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Гадаад улсад байгаа иргэдээ татаж авахаар хэрхэн ажиллаж байгаа талаар Улсын Онцгой комиссын Шуурхай штаб өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ хурлаар дөрөвдүгээр сарын 17-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн, цаашид Турк болон Европын чиглэлд нислэг хийхээр ярилцаж байгаа хэмээн танилцуулав. 

Мэдээллийн дараа албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Истанбулд эмчилгээ хийлгэж байгаа хүүхдийг эх оронд авчрах арга хэмжээ авах уу. Биеийн байдал хүнд байгаа гэсэн?

ОБЕГ-ын дарга Т.Бадрал: -Туркэд эмчилгээ хийлгэж байгаа хүүхдийн гэр бүлээс хэд хэдэн удаа өргөдөл ирүүлсэн. Хэрвээ Турк руу онгоц нисвэл хамгийн түрүүнд энэ гэр бүлийнхэн ирнэ. 

Эрсдлийг хамгийн бага байлгахын тулд тусгай нислэгийг зайтай хийж байгаа. Гадаадаас иргэдээ татах нь ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний орны ачааллаас мөн шалтгаална. Тиймээс нислэг 7-14, хамгийн ихдээ 21 хоногийн зайтай байлгахаар зохион байгуулдаг.

Урьдчилсан байдлаар Турк, Европын улс болон Сөүл рүү дөрөвдүгээр сарыг дуустал нислэг хийхээр ярилцаж байгаа. Одоогоор хугацааг тодорхойлох боломжгүй. 

-Дөрөвдүгээр сарын 17-ны нислэгийн бүртгэл яаж хийгдэх вэ?

ОБЕГ-ын дарга Т.Бадрал: -Өмнө нислэгүүдийн адилаар Шуурхай штабаас зохицуулалт хийнэ. Ингэхдээ Сөүл дэх ЭСЯ болон МИАТ-ийн төлөөлөгчийн газраар дамжин бүртгэл хийх юм. Өмнөх удаад бүртгүүлээд зорчиж чадаагүй иргэд дарааллын дагуу суудал нь баталгаажина. Дараагаар нь таван шалгуурын дагуух иргэдийг бүртгэнэ.

-Энэтхэгт байгаа иргэдийн асуудлыг ярилцаж байна уу. Татаж авах талаар урьдчилсан шийд гарав уу?

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: -Нутгаасаа хол байгаа иргэддээ бүхнийг чадагч илбэчин мэт худлаа хүлээлт үүсгэхийг хүсэхгүй байна. 

Бид боломжийнхоо хэрээр арга хэмжээ авна. Эх орондоо ирж чадахгүй байгаа иргэддээ дэмжлэг үзүүлэх тухай саналыг ойрын хугацаанд Улсын Онцгой комиссоор хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа. Тухайн дэмжлэг нь ямар ч хэлбэртэй байж болно.

Видео:

https://www.facebook.com/588990477781350/videos/289071095415159/