Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Тусгаарлагдсан төлбөрөө төлөхгүй байгаа хүмүүсийн нэрийг албан ёсоор зарлана

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 3
iKon.MN

Шадар сайд Ө.Энхтүвшин УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албаныхны мэдээллийг сонслоо.

"УОК-ийн Шуурхай штабаар дамжуулж төрөл бүрийн төлбөрийн хүсэлт орж ирсэн"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ үеэр Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, дэд хурандаа Я.Гантөмөр санхүү, тооцоотой холбоотой асуудлаар мэдээлэв.

Тэрбээр "Бид энэ хугацаанд шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор 730.6 сая төгрөгийг ОБЕГазар Шадар сайдын багцаас зарцуулжээ.

Мөн одоогоор нийт 2 тэрбум 530 сая төгрөг иргэдээс хандив, тусламжаар цугласан байна. Үүнээс мөнгөн хэлбэрээр 2 тэрбум 35.8 сая төгрөг ирсэн бол 294.5 сая төгрөг нь бараа материал хэлбэрээр орж иржээ.

Энэ хугацаанд хандивын хөрөнгөтэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайдын хэд хэдэн тушаал гарсны төлбөр тооцоог бид хийж ажиллалаа.

Тухайлбал, Монгол Улсын Шадар сайдын гуравдугаар сарын 6-ны өдрийн А/19, гуравдугаар сарын 19-ний өдрийн А/25 дугаар тушаал болон ОБЕГ-ын даргын А/7 дугаар тушаалаар 964.4 сая төгрөгийг холбогдох байгууллагууд руу шилжүүлсэн.

Үүнд:

  • Улсын төв эмнэлэгт 240 сая төгрөг,
  • МХЕГ-т 150 сая төгрөг,
  • ЦЕГ-т  100 сая төгрөг,
  • Хил, хамгаалах ерөнхий газарт 100 сая төгрөг,
  • ОБЕГ-т 150 сая төгрөг,
  • Улсын онцгой комиссын Шуурхай штабын үйл ажиллагаанд 139.4 сая төгрөг шилжүүлсэн байна.
  • Мөн Цэргийн оёдлын үйлдвэр болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407, 409 дүгээр хорих ангиас 85 сая ширхэг амны хаалтыг худалдан авч, яам агентлагуудад хуваарилсан. Үүний мөнгөн дүн одоогоор 964.4 сая төгрөг болсон" гэсэн юм.

Үргэлжлүүлэн "Манай баг тусгаарлагдаж байгаа иргэдийн төлбөр, тооцоог хариуцаж ажилласан.

Гуравдугаар сарын 16-19-ний өдрүүдэд Япон, Турк, Солонгос, ХБНГУ-руу хийсэн тусгай үүргийн дөрвөн удаагийн нислэгээр нийт 983 иргэнийг авчирсан бөгөөд тэдгээрийг 10 эмнэлэг, сувилал, зочид буудалд байрлуулсан. Одоогоор ОБЕГ-ын дансанд нийт 770 сая төгрөгийг тушааж, төвлөрүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар найман байгууллагад 460.1 сая төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн бөгөөд гуравдугаар сарын 16-19-ний өдрийн хооронд ирсэн иргэдээс найман хүний төлбөр дутуу байна.

Одоо тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн төлбөр хагас дутуу, зарим нь төлөгдөөгүй байгаад янз бүрийн учир шалтгаан бий.

Түүнчлэн УОК-ийн Шуурхай штабаар дамжуулж төрөл бүрийн төлбөрийн хүсэлт орж ирсэн. Манай багт Сангийн яамны төлөөлөл ажиллаж буй.

Үүнтэй холбоотойгоор Сангийн яамны байр суурь тодорхой байгаа нь тэдгээр байгууллагуудын төсөвт хуваарь оруулсан учраас тухайн яам, агентлагууд өөр өөрсдийн батлагдсан төсвийн хүрээнд зардлаа хариуцах нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн” гэлээ.

"Төлбөр тооцоогоо хийхгүй байгаа хүмүүсийн нэрсийг албан ёсоор гаргана"

 
Гэрэл зургийг mpa.mn

Төлбөр тооцооны асуудал дээр ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр хэлэхдээ “Тусгай нислэгээр ирсэн хүмүүс харьцангуй төлбөр тооцоогоо хийж байгаа. Байнга зовлон ярихад хэцүү байгаа ч нэг зүйлийг үнэхээр хэлэхгүй бол болохгүй нь.

Өнөөдөр “Баянхангай” амралтад тусгаарлагдсан ч тооцоогоо хийхгүй, улс хариуцах ёстой гэсэн тайлбар хийж буй 13 хүний нэрс гарсан. Бид төлбөр тооцоогоо хийхгүй байгаа хүмүүсийн нэрсийг албан ёсоор гаргаж ажиллана. Өгөх ёстой бол бүгд л өгнө.

Сэлэнгэ, Дарханд байгаа хүмүүс дунд ч ийм тохиолдол байна. Ингэж анхаарлаа тавихгүй бол ОХУ-аас орж ирсэн иргэдийн хувьд хүндрэлтэй байна.

Баян-Өлгийд 370 хүн тусгаарлагдсан байгаагаас хоёр хүн нь л төлбөрөө төлсөн байна” хэмээн онцлов.

Зураг
13 | 18 | 18 цаг