Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн тахлын эрч дөрөвдүгээр сарын сүүлээр суларна гэж Хятадын эрдэмтэн тооцоолжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Дэлхий дахиныг нөмөрсөн коронавирусийн цар тахал дөрөвдүгээр сарын сүүлээр хяналтад орж, эрч нь суларна гэж тооцоолж байгаагаа Хятадын тэргүүлэх эрдэмтэн мэдэгджээ.

Тахалтай хэрхэн тэмцэх талаар Хятадын засгийн газарт зөвлөж байгаа эрдэмтдийн багийн ахлагч Зон Наншань саяхан Шэнжэнь хотын телевизэд ярилцлага өгөхдөө ингэж ярьсан байна.

“Дөрөвдүгээр сарын сүүлээр коронавирусийн цар тахлын эрч дэлхий даяар суларч, хяналтад орно гэж би тооцоолж байна. Харин үүнээс цааш хэрхэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Дараа жилийн хавар давтагдахыг үгүйсгэхгүй. Вирусийн идэвх өндөр температурт сулардаг тул зуны улиралд тархалт нь бүрэн зогсох ч магадлалтай” гэж профессор Зон Наншань ярьжээ.

Дэлхийн бусад улс орны эрдэмтэн судлаачид ч үүнтэй ижил цаг хугацааны баримжаа ярьж байгаа.

Тухайлбал Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын шуурхай хөтөлбөрийн захирал Майк Райан энэ долоо хоногт болсон хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ Европ тивийн нөхцөл байдал тогтворжих шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн нь өнгөрсөн сард эхлүүлсэн хөл хорионы дэглэмийн үр дүн юм гэжээ.

АНУ-ын Вашингтоны Их сургуулийн Эрүүл Мэндийн Хэмжилт, Үнэлгээний хүрээлэн тус улсын эмнэлгүүдийн ачаалал дөрөвдүгээр сарын 20-ны орчим оргил цэгтээ хүрэх магадлалтайг тооцоолсноо саяхан мэдээлсэн байна.

Хэдийгээр сүүлийн үед Хятадад шинж тэмдэггүй халдварын тохиолдлын эрсдэл яригдаж байгаа ч тус улсад нэгэнт тогтсон хяналтын систем тахлын хоёр дахь давалгааг зогсоох бүрэн чадвартай гэдэгт итгэлтэй байгаагаа Зон Наншань хэлжээ.

Тэрээр бас халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн эрүүл мэндэд коронавирус цаашид хэрхэн нөлөөлөх талаар өөрийн бодлыг ярьсан байна. Зарим судалгаагаар эдгэрсэн хүмүүсийн уушгины ажиллагаа 20-30 хувиар муудаж, түргэн алхах, гүйх тохиолдолд амьсгалахад хэцүү болж байгааг тогтоосон юм.

Харин Зон Наншань энэ эмгэг нь урт хугацааны асуудал биш бөгөөд өмнө нь SARS тахлын үед ихэнх өвчтөний уушги 6-12 сарын дотор бүрэн сэргэж байсныг ажигласнаа ярьсан байна.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

Зураг
13 | 11 | 10 цаг