Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

1918 оны Испанийн томуу

Б.Дөлгөөн
2020 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Тухайн үедээ дэлхийн хүн амын 3-5 хувийг авч одсон 1918 оны Испанийн томуу дэлхий даяар 500 сая хүнд халдварлаж 50-100 сая хүн нас баржээ.

Испанийн томуугийн өвөрмөц онцлог нь хөгшин эсвэл бага залуу насныхныг биш 20-40 насны залуусыг илүү ихээр өвчлүүлж, амь насанд нь хүрч байжээ. Тус томуугийн нас баралтын түвшин 10-20 хувьтай байсан гэж үзэдэг бол бусад томуугийн тархалтын нас баралт 0.1 хувь байна.

Испанийн томуугийн халдвар нь хамраас цус гоожих, ходоод болон бүдүүн нарийн гэдсэн дотор цус алдах, уушгинд цус алдах болон хавагнах зэрэг өвөрмөц шинж тэмдгүүд илэрч байсныг тэмдэглэн үлдээсэн байна. Edema буюу хаван гэдэг нь эс хооронд ба биеийн хөндийнүүдэд хэвийн хэмжээнээс хэтэрсэн шингэн хуримтлагдах.

1918 оны томуугаар нас барсан хүмүүсийн дотор Австрийн зураач Эгон Шиле, Францын яруу найрагч Гилльюм Аполлинэй болон өнөөгийн АНУ-ын ерөнхийлөгчийн өвөө Фредерих Трампын нэр байна.   

1918 оны томуугийн вирус шувуу юмуу гахай эсвэл хоёуланд нь үүссэн гэж үздэг. Вирус нь биологийн шинж чанарын хувьд өөрөө өөрийгөө хуулбарлаж олшруулах боломжгүй тул өөр амьд биетийн эсийн дотор орж, түүний эрхтэнцрүүдийг нь “хакердан” өөрийнхөө үржлийн төлөө ажиллуулан тухайн эсийнхээ дотор ихээр үржиж, улмаар эзэн эсээ үхүүлэн хэдэн сая тоотой болж гардаг. Ингэж өөрийгөө хуулж олшруулж байхдаа томуугийн вирус олон тооны "алдаа" гаргадаг бөгөөд үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг гэсэн үг юм. Ийм учраас хүмүүс жил бүр шинэ төрлийн ханиаданд өртөж байдаг.

Хэрвээ шувууны вирус ба гахайн вирус нь хүний эсэд халдварлах юм бол бүх ген нь солигдож үхэлд хүргэх шинэ төрлийн вирус үүсгэгдэх боломжтой.

1918 оны томуу дэлхий даяар

АНУ-д хүн амын 28 хувь нь халдвар авч, 675,000 хүн нас баржээ. Америкийн уугуул омгууд ба Инуит ба Алъяскийн уугуул омгууд онцгойлон нэрвэгдэж, бүхэл бүтэн тосгоныг арчиж хаясан. Канадын 50,000 хүн нас барсан бол Бразилд 300,000 хүн, түүний дотор тус улсын ерөнхийлөгч Родригес Алвес нас баржээ.

Их Британид 250,000 хүн нас барсан бол Францад 400,000 гаруй хүн. Энэтхэгт 17 сая хүн нас барсан нь тус улсын нийт хүн амын 5 орчим хувь байв. Японд 390,000 хүн нас барсан бол Индонезид 1.5 сая хүн нас барсан гэсэн тооцоо бий. Иран маш өндөр нас баралтын түвшинтэй байсан бөгөөд 902,400-2,431,000 хүн нас баржээ. Энэ нь тухайн үеийн улсын нийт хүн амын 8-21.7 хувийн хооронд байдаг.

Таити, Самоа, Австрали, Шинэ Зеланд зэрэг тусгаарлагдмал газруудад амиа алдсан хүмүүсийн тоо асар их байсан. Таитид хүн амын 13 хувь ердөө нэг сарын дотор нас баржээ. Самоа хотод 38,000 хүн нас барсан нь нийт хүн амын 22 хувь байв. Австралид 12,000 хүн нас барсан бол Шинэ Зеландад 6,400 европчууд, 2,500 уугуул Маоричууд ердөө зургаан долоо хоногийн дотор амиа алджээ.

Испанийн томуугийн гарал үүсэл

Томуугийн гарал үүсэл удаан хугацааны туршид маргаантай байсан. Францын Пастерийн хүрээлэнгийн ажилтан Клод Ханнуун уг вирус Хятадад үүсэж, дараа нь Америкийн Бостон, Канзас руу тархаж, цэргүүдээр дамжин шилжих замаар тархсан гэжээ. 

Испанийн томуу дэлхий даяар хэрхэн тархсан бэ

1917 оны 4-р сар, АНУ-ын зэвсэгт хүчин дэлхийн 1-р дайнд 378,000 эр цэрэгтэй оролцсон. Удалгүй дайнд оролцох цэрэг эрсийн тоо сая гаруй болж нэмэгдсэн.

1918 оны 3-р сар, АНУ-ын Канзас мужийн Форт Райли дахь Кэмп Фанстонд ханиад томуутай 100 гаруй цэргийн албан хаагч буув. Долоо хоногийн дараа энэ тоо 5 дахин нэмэгджээ. Ханиад томуу тусах тохиолдол АНУ, Европ, Ази тивүүдийн хаа нэгтээ гарч эхэлжээ.

 
АНУ, Канзас, Форт Райли дэх цэргүүд

1918 оны 4-р сар, Америкийн олон нийтийн эрүүл мэндийн тайланд Канзас мужид томуугийн улмаас нас барсан гурван хүн, биеийн байдал нь хүнд 18 хүний талаар анх удаа дурдагджээ.

1918 оны 5-р сар, АНУ хэдэн зуун мянган цэргүүдийг Европ руу илгээж эхлэв. Дайны цензурийн улмаас АНУ, Герман, Англи, Франц улсуудад томуугийн дэгдэлт, өвчний талаарх мэдээллийг  нууцалж хааж байсан хэдий ч Испанийн хэвллээр анх удаа гарчээ. Хожим нь "Испанийн ханиад" гэж нэрлэх болсон шалтгаан нь энэ юм.

 
Франц дахь Америкийн цэргийн эмнэлэг

Вирус Европоос Хойд Америк, Ази, Африк, Бразил, Номхон далайн өмнөд арлууд, тэр ч бүү хэл Арктикийн бүсэд амьдардаг уугуул овог аймгуудад тархсан.

1918 оны 9-р сар, Томуугийн вирусийн хоёр дахь давалгаа бий болж нас баралтын тоо болон хувь хэмжээ эхний давалгаанаас ч өндөр болов. 

 

АНУ, Бостон дахь тэнгисийн цэргийн байгууламж, мөн хотын гаднах армийн байгууламж дээр вирусийн халдвар тархсан.

АНУ-д зөвхөн 9 дүгээр сард л гэхэд 12,000 хүн нас барсан. Нью-Йорк хотын Эрүүл мэндийн зөвлөл ханиад томуугийн бүх тохиолдлыг мэдээллэж өвчтөнүүдийг гэрт нь эсвэл эмнэлэгт тусгаарлажээ.

 

Филадельфиад Liberty bonds жагсаалд 200,000 хүн цугларч үүнээс хэдхэн өдрийн дараа томуугийн 635 шинэ тохиолдол бүртгэгджээ. Улмаар хотын сургууль, сүм хийд, театруудыг хаав.

1918 оны 10-р сар, 195,000 америк хүн энэ сард томуугаар нас барж эмч сувилагчдын хомсдол бий болов.

Чикагогийн эрх баригчид кино театр, сургуулиудыг хааж, олон нийт цугларах арга хэмжээнүүдийг хориглов. Чикаго хотод гэмт хэрэг 43 хувиар буурав. Филадельфиад өдөрт 289 хүн нас барав. Сан Францискод иргэдийг олон нийтийн газраар явахдаа маск зүүхийг зөвлөв. 

 

1918 оны 11-р сар, Дайн дуусаж цэргүүд гэртээ буцаж ирж ханиад томуугийн тохиолдол нэмэгдэв.

 
Дэлхийн 1-р дайнд оролцсон цэргүүд гэртээ ирэв

1919 оны 1-р сар, Вирусийн гурав дахь давалгаа гарч олон хүн амь үрэгдэв. 1-р сараас 5-р сарын хооронд Сан-Франциско хотод томуугийн 1800 тохиолдол бүртгэгдэж, 101 хүн нас баржээ. Нью-Йорк хотод 706 шинэ тохиолдол бүртгэгдэж, 67 хүн нас баржээ.

1919 оны 8-р сар, Халдвар авсан хүмүүс нас барсан эсвэл дархлаа сууснаар томуугийн тахал дуусав.

 

1997 оны 3 сарын 21-ний өдөр, Шинжлэх ухааны сэтгүүлд гарсан нийтлэлд Зэвсэгт хүчний Патологийн хүрээлэнгийн судлаачид 1918 онд томуугийн улмаас нас барсан цэргийн уушгины эд эсэд шинжилгээ хийжээ.  Тэд томуугийн вирус өвөрмөц боловч "Гемагглютинин ген нь гахайн томуугийн вируст хамгийн ойрхон байгаа нь энэ вирус гахайнаас хүн төрөлхтөнд орж ирснийг харуулж байна" гэж дүгнэжээ.

2004 оны 2-р сар, Калифорнийн Ла Жолла дахь Скриппсийн хүрээлэнгийн судлаачид болон Английн Анагаах ухааны судалгааны зөвлөлийн судлаачид 1918 оны вирус шувуунаас шууд хүнд халдсан гэж дүгнэжээ. 

2005 оны 10-р сар, Зэвсэгт хүчний Патологийн хүрээлэнгийн эрдэмтэд 1918 онд оршуулагдсанаасаа хойш мөнх цэвдэгт хадгалагдаж байсан томуугаар нас барагчийн биенээс авсан эд эсэд шинжилгээ хийснээр вирусийн геномын дарааллыг илрүүлжээ.



Эх сурвалж: interestingengineering.com

 

Зураг
13 | 11 | 11 цаг