Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Сүүлийн үед шинж тэмдэггүйгээр бусдад халдвар түгээх тохиолдол элбэг байгаа тул амны хаалт зүүх нь маш чухал

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнуудын авч буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр хэлэхдээ “Дэлхийн хэмжээнд COVID-19 халдварын тохиолдол нэг сая гаруйд хүрч, нас барсан хүний тоо 50 мянгыг даваад байгаа бол 208 мянган хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Испани улсад нас баралтын 10 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

"Хэдийгээр нас баралтын тоо тасралтгүй нэмэгдэж байгаа ч шинээр халдвар авсан тохиолдлын тоо гуравдугаар сарын 25-ны өдрөөс хойш аажмаар буурч байгаа нь бидэнд итгэл найдвар төрүүлж байна" гэж тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгджээ.

Тус улсад гуравдугаар сарын 25-ны өдөр шинэ халдварын тохиолдол 20 хувиар нэмэгдэж, дэгдэлт оргил үедээ хүрсэн юм.

Харин АНУ-ын Холбооны Засгийн газар шинэ коронавирусийн халдвартай тэмцэх асуудлаар иргэддээ амны хаалт зүүлгэх шинэ зөвлөмж гаргахаар ажиллаж байна.

Япон улс ч мөн иргэдэд заавал амны хаалт зүүлгэх шаардлагатай гэсэн зөвлөмж өгч байна. Тухайлбал, тус улсын Ерөнхий сайд дахин хэрэглэж болох амны хаалтыг айл өрхүүдэд хоёр, хоёрыг түгээнэ гэдгээ өөрийн биеэр мэдэгдсэн.

ОХУ-д тавдугаар сарын 1-н хүртэл COVID-19-ийн эсрэг одоо мөрдөж буй арга хэмжээгээ сунгажээ. Тус улсын Москва хотын иргэд хүнс болон эм авах эсвэл тэжээвэр амьтнаа салхилуулах, хогоо хаях зэргээс бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байх дэглэмд амьдарч байгаа юм. Харин бусад мужууд нь өөрт тохирсон арга хэмжээ авч буй.

Португали улс мөн онц байдал тогтоосон хугацаагаа дахин 15-н өдрөөр сунгасан байна" гэв.

Үргэлжлүүлэн "Улс орнуудын жишээнээс харахад, сүүлийн үед шинж тэмдэггүйгээр халдвар түгээх тохиолдол элбэг байгаа тул амны хаалт зүүх нь маш чухал.

Халдвар авсан хүн бусадтай ярих, найтаах, ханиахад үед ялгарах шүлсний бичил дусал нь агаарын солилцоогүй орчинд уддаг. Энэ нь бусдад халдварыг түгээх зам болж байгаа хэмээн улс орнууд үзэж байгаа" гэдгийг онцлов.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.