Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Гадаадад манай улсын иргэн халдвар авсан гэсэн мэдээлэл ЭМЯ болон ХӨСҮТ-д албан ёсоор ирээгүй байна"

Г.Номин, iKon.mn
2020 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн тавьсан асуултад ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариуллаа.

- Тусгаарлалтад байх хугацаандаа иргэд хэдэн удаа шинжилгээ өгч байгаа вэ?

- Бид тусгаарлалтад авсан хүмүүсээ 21 хоног байлгаад тэр хугацаандаа хоёр удаа шинжилгээ хийгээд хариу нь хоёр удаа сөрөг гарсан тохиолдолд эмнэлгээс гаргаж байгаа. Ингээд эмнэлгээс гаргахдаа Итгэлцлийн бичигт гарын үсэг зуруулна. Тухайн иргэн 14 хоног өөрийгөө ажиглах, ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эргэж бидэнд хандах үүрэгтэй.

Өчигдөр ХӨСҮТ бэлтгэлээ хангаад Сөүлээс хүмүүсээ хүлээж авсан. Өнөөдөр Токиогоос ирсэн иргэдийг тусгаарлахаар 60 гаруй орыг бэлэн байдалд байлгаж байна.

- Сөүлээс ирсэн иргэдийг онгоцонд суухад нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч суулгасан уу?

- Үгүй. Иргэд өөрсдөө лабораторид шинжилгээ өгөөд хариугаа үзүүлэн онгоцонд суусан. Бид шаардлагатай хүмүүсийнхээ шинжилгээг өчигдрөөс авч эхэлсэн. Нийт ирсэн хүмүүсээ бол хэд хоногоос ажиглаж байгаад шинжилгээ авч эхэлнэ. Энэ бол халдвар судлалын тандалтын үйл ажиллагаа.

- Онгоцны нисэх багийнхан, онгоцонд ажилласан эмч, байцаагчид тусгаарлагдах уу?

- Тэднийг 21 хоног тусгаарлана. Нисгэгч нар тусгаарлалтад яваад ирж байгаа учраас бусад хүмүүстэй холилдохгүй байх заавар өгөөд ирсэн хойно нь гэрийн ажиглалтад байлгана.

- Их Британид манай улсын иргэн халдвар аваад, эмнэлгийн тусламж авч чадахгүй байна гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар та бүхэнд мэдээлэл байна уу?

- Гадаадад манай улсын иргэн халдвар авсан гэсэн мэдээлэл ЭМЯ болон ХӨСҮТ-д албан ёсоор ирээгүй байна.

- Аймгууд түргэвчилсэн оношлууртай болж байгаагийн давуу талын талаар мэдээлэл өгөөч?

- Шаардлагатай хүмүүсээ түргэвчилсэн тестээр оношлоод хариугаа лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Ер нь бол түргэвчилсэн оношлуур урьдчилсан байдлаар хүмүүсийг ажиглалтад авахад онцгой ач холбогдолтой.

"Гадаадад байгаа иргэдийн мэдээллийг ГХЯ-аар дамжуулан авдаг. Мөн иргэд өөрсдөө хандаж шинжилгээний хариу эерэг гарсан гээд өвчний шинж тэмдэгээ хэлж, зөвлөмж авч байгаа" гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нэмж хэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.