Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19 халдвартай холбоотойгоор хуурамч эм, оношлуур, вакциныг борлуулах, сурталчлах нь нэмэгджээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр COVID-19 халдварын ДЭМБ-аас өгсөн мэдээллийг ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа танилцуулав.

Тэрбээр "Сүүлийн 24 цагт халдвар АНУ-д 13 дахин, Италид дөрөв дахин, Испани 10 дахин, Францад 15 дахин нэмэгджээ. Хүн амын дундах нас баралтын хувиар Итали улс хамгийн өндөр үзүүлэлттэй буюу 11 хувьтай байна.

БНХАУ-д шинээр 55 шинж тэмдэггүй тохиолдол бүртгэгдсэнээс 17 нь гаднаас зөөвөрлөгджээ. Тус улс Их Британи улсаас тусгай үүргийн онгоцоор 15 мянган сурагчийг эх орондоо авчрахаар болсон.

БНСУ-д өдөрт 100 орчим тохиолдол бүртгэгдэж байна. Энэ тохиолдлуудын ихэнх нь битүү хаалттай орчинд бүртгэгдсэн халдвар юм.

Австрали, Вьетнам, Камбож зэрэг улсуудад халдвар нэмэгдэж байгаа бөгөөд мөн тохиолдлуудын ихэнх нь гаднаас зөөвөрлөгдсөн байна.

Түүнчлэн COVID-19 халдвартай холбоотойгоор эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, вакциныг хуурамчаар зах зээлд борлуулах, сурталчлах явдал нэлээд нэмэгджээ.

ДЭМБ хуурамч оношлуур борлуулсан талаар олон мэдээлэл хүлээж авч буй бөгөөд одоогоор ердөө БНХАУ, Канад, ОХУ, Бразил, БНСУ, АНУ л COVID-19-ийн оношлуурыг албан ёсоор бүртгүүлээд байгаа юм.

Харин тус өвчний эсрэг 50 гаруй вакцины болон олон эмийн бодисын туршилтууд явагдаж буй бөгөөд одоогоор вакцин гараагүй байгаа. Ийм үед хуурамч вакцин сурталчлах нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна.

Үүнтэй холбоотойгоор ДЭМБ-аас Эрүүл мэндийн байгууллага болон эм ханган нийлүүлэгчдийг олон нийтэд зөв мэдээлэл өгөхийг хүссэн. Мөн хэрэглэгчид албан ёсны байгууллагаас мэдээлэл авах хэрэгтэй.

Ийм хуурамч тохиолдлыг нэн даруй ДЭМБ-д мэдээлэхийг анхааруулж байна” гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.