Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Covid-19 өвчний эндэгдлийн тоо Хятад улсын тооноос илүү гарлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Шинэ коронавирусийн халдвараар нас барсан хүний тоогоор АНУ өчигдөр Хятадыг гүйцлээ. Мягмар гарагийн байдлаар АНУ-д нас барсан өвчтөний тоо нийтдээ 3,721 хүрсэн бол Хятадын эх газарт бүртгэгдсэн эндэгдлийн албан ёсны тоо 3,305 байна.

Үүнээс 1,550 тохиолдол нь АНУ-ын тахлын хамгийн том голомт болсон Нью Йорк мужид оногдож байгаа юм.

Нью Йорк мужийн захирагч Эндрью Куомо өчигдөр өөрийнх нь дүү, CNN сувгийн хөтлөгч, 49 настай Крис Куомо шинэ коронавирусийн халдвар авсныг зарлажээ.

Трампын засаг захиргааны топ халдварын мэргэжилтэн, доктор Энтони Фаучи өчигдөр CNN сувагт ярихдаа хөл хорионы дэглэмийн үр дүн түрүүчээсээ ажиглагдаж эхэлснийг мэдээлсэн байна.

“Бидэнд дэглэмийн үр дүн гарч байгаа эхний шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн. Гэхдээ энэ нь асуудлыг хөнгөрүүлэх шалтгаан болохгүй. Халдварын тохиолдлууд ойрын үед өсөх нь тодорхой” гэж тэр ярьжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Цагаан ордонд мэдэгдэл хийхдээ “Америк хүн бүрт хамгийн хүнд хэцүү өдрүүдэд бэлэн байхыг би уриалж байна. Бид маш хэцүү хоёр долоо хоногийг хамтдаа туулах болно” гэж анхааруулсан байна. Тэрээр АНУ даяар хэрэгжиж байгаа “social distancing” тусгаарлах дэглэмийг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгах шийдвэрийг саяхан гаргасан юм.

Сүүлийн тоо баримтаар Covid-19 өвчний тохиолдол дэлхий дахинд 800,000-ыг давж, нас барсан өвчтөний тоо 40,000 хүрээд байна.

Covid-19 халдварын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа 10 улсын тоон үзүүлэлтүүд:

  Улс Халдварын тохиолдол Эндэгдэл Харьцаа
1 АНУ  184,183   3,721  2%
2 Итали  105,792   12,428  12%
3 Испани  94,417   8,189  9%
4 Хятад  83,059   3,305  4%
5 Герман  61,913   583  1%
6 Франц  52,128   3,523  7%
7 Иран  44,606   2,898  6%
8 Их Британи  25,150   1,789  7%
9 Швейцар  16,176   373  2%
10 Турк  13,531   214  2%

Эх сурвалж: CNN