Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Налайх дүүргийн иргэдийн мэдэлд 632.8 сая төгрөг байна

ikon.mn
2020 оны 3 сарын 24
iKon.MN

Улаанбаатар хотын 9 дүүргийн 173 хорооны 18-аас дээш насны бүх иргэд SmartUB аппликэйшнээр саналаа өгснөөр Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд ямар ажил хийхийг шийднэ. Санал асуулга 3 дугаар сарын 1-нд эхэлсэн бөгөөд 4 дүгээр сарын 1-нд  дуусна. Тиймээс бид Налайх дүүрэгт санал асуулгын ажил ямар явцтай байгааг Налайх дүүргийн ЗДТГ-ын Орлогын төлөвлөлт, хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэбаяраас тодрууллаа.

 

-Орон нутгийн хөгжлийн сан гэж чухам ямар зорилготой сан бэ? Уг сангийн эх үүсвэр хэрхэн бүрддэг вэ?

- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээг иргэдтэйгээ хамтран төлөвлөж хэрэгжүүлдэг бөгөөд тухайн орон нутгийн хөгжлийг дэмжих, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн сан юм. Төлөвлөхөөс эхлээд хэрэгжилт гээд бүхий л үйл явцад иргэд оролцох, хянах боломжтой бөгөөд ОНХС-ийн эх үүсвэрийг газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хайгуул болон олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого, НӨАТ-ын тодорхой хувиар тооцон бүрдүүлдэг.

-Одоо явагдаж байгаа 2020 оны цахим санал асуулга бол 2021 онд хийгдэх ажлыг тодорхой болгох шүү дээ. Санал асуулгын явц хэр байна вэ? 

- Одоогийн байдлаар манай дүүргийн хувьд санал асуулгын явц хэвийн явагдаж байна. 2020 онд дүүрэгт хийгдэх ажлын саналыг 2019 онд 100 хувь цахимаар авсан тул манай дүүрэг цахим санал асуулгын арвин туршлагатай гэж хэлж болно. Өнгөрсөн онд Налайх дүүргийн 7 хорооны сонгуулийн насны 24,016 иргэнээс цахимаар санал авахаас 12,375 иргэнээс санал авч 51.5 хувьтай байсан. Энэ онд өмнөх жилээс илүү олон иргэдийг хамруулж, саналыг авахаар хичээн ажиллаж байна. 

 

- Санал асуулга авч байгаа SmartUB аппликэйшн бүрэн ажиллаж байгаа юу? Ямар ч төрлийн гар утсанд ашиглах боломжтой юу?

- Smart UB аппликейшн бүх төрлийн ухаалаг утсанд зориулан хийгдсэн болохоор ямарч утсанд татан суулгаж ашиглах боломжтой. Одоогоор Smart UB аппликейшны талаар ямар нэгэн санал гомдол ирээгүй бөгөөд аппликейшн хэвийн ажиллаж байгаа.

- Нэг хүн хэдэн удаа санал өгөх боломжтой вэ? Мөн саналыг яаж баталгаажуулдаг вэ?

- Орон нутгийн хөгжлийн сангийн цахим санал асуулгад нийслэлийн 9 дүүргийн 173 хорооны 18-аас дээш насны иргэн бүр оролцох боломжтой бөгөөд нэг иргэн нэг санал өгөхөөр тусгагдсан байгаа. Өмнөх жилүүдэд цаасан хэлбэрээр авдаг байхад нэг өрх нэг санал өгдөг байсан нь зарим талаараа учир дутагдалтай, иргэн бүрийн саналыг тусгах боломжгүй байсан. Харин цахимаар санал авч байгаа гол давуу тал нь иргэн бүр санал асуулгад оролцох боломж бүрдсэн бөгөөд тухайн санал өгсөн иргэний утасны дугааранд ирсэн тусгай кодоор санал баталгааждаг байгаа.

- Санал асуулгад иргэдийн идэвх, оролцоо ямар байна вэ?

- Өнөөдрийн байдлаар санал асуулгын явц Налайх дүүрэгт хэдэн хувьтай явагдаж байна.
Иргэдийн хувьд харьцангуй мэдээлэл сайтай болчихсон байна. Ер нь өнгөрсөн жилүүдэд иргэдийн өгсөн саналын дагуу тухайн амьдарч буй орчинд нь ажлууд хийгдэж, нүдэнд нь харагдаж, гарт нь баригдаж байгаа болохоор иргэдийн идэвх ерөнхийдөө сайн байна. Манай дүүргийн хувьд энэ жил сонгуулийн насны 25,135 иргэнээс цахимаар санал авахаас өнөөдрийн байдлаар 40 орчим хувьтай явагдаж байна. Үлдэж буй 8 хоногт илүү эрчимтэй ажиллаж санал асуулгынхаа хувь ирцийг хангахаар ажиллаж байна. 

- Танай дүүрэгт энэ жил Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас ямар хэмжээний төсөв хуваарилагдсан бэ?

- ОНХС-ийн хөрөнгөөр 2020 онд 11 төсөл, арга хэмжээнд 632.8 сая төгрөг хуваарилагдсан. Энэ хөрөнгөөр орон нутгийн хөгжлийн сангийн цахим санал асуулгаар иргэдээс хамгийн их санал авсан ажлыг эрэмбэлэн хийж гүйцэтгэдэг учир иргэн бүрийг SmartUB аппликэйшнг ашиглан цахим санал асуулгадаа идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. 

 

 

 

Эх сурвалж: Цэгц медиа групп

 

Зураг
13 | 16 | 17 цаг