Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхийн 124 улс бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зогсоогоод байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ДЭМБ-ын мэдээллийг ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа танилцуулав.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Тэрбээр "ДЭМБ-ын мэдээллээр 24 цагийн дотор 24,247 тохиолдол шинээр бүртгэгдэж, COVID-19-өөр өвчилсөн хүний тоо нийт 234,073 болжээ.

Мөн нас баралт хоногт анх удаа 1,000-г давж нийт дэлхийн хэмжээнд 9,840 хүн нас барсан байна. 

Халдварын тохиолдол шинээр зургаан улсад бүртгэгдэж, дэлхийн улс орны 90 орчим хувийг хамраад байна.

АНУ, Испани, Франц, Итали, Иран улсад дэгдэлт эрчимтэй явагдаж байгаа бөгөөд эдгээр улсад нэг өдөрт бүртгэгдэж буй шинэ халдварын тоо 5,000-г давж байна.

Хамгийн их тохиолдол Итали улсад бүртгэгдэж байгаа юм. Тус улсад хоногт л 5,322 тохиолдол бүртгэгдэж, 624 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралтын тоо нь БНХАУ-ын нас баралтын тооноос давж 4,032-т хүрсэн байна.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын нас баралтын хувь нь Италид 8.3 хувь, Иранд 7 хувь, Германд 0.1 хувь байна.

СOVID-19 халдварын дэгдэлт эхэлснээс хойш БНХАУ-д хоёр дахь хоногтоо дотоодын шинэ тохиолдол бүртгэгдээгүй амжилттай байна. Энэ нь ямар ч хүнд нөхцөл байдлыг эргүүлж болдгийг харуулж бусад улс, орнуудад итгэл өгч байгаа юм.

COVID-19 халдвар өндөр настай хүмүүст хүндээр тусаж байгаа хэдий ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийн ихэнх хувийг 50 хүртэлх насны хүмүүс эзэлж байна.

Шинэ коронавирусийн генетикийн дарааллыг тогтоосноос хойш 60 хоногийн дараа буюу хоёр хоногийн өмнө анхны хүн вакцины туршилтад орсон. Энэ нь шинжлэх ухаанд өмнө нь тэмдэглэгдэж байгаагүй ололт болж байна.

ДЭМБ-аас гэртээ хамтдаа цуврал контент хийж эхлүүлсэн. Мөн ДЭМБ-аас эрүүл мэндийн талаар сэрэмжлүүлгийг иргэд "What's up"-ийн 41-798-931-892 дугаарт "HI" гэсэн зурвас бичин авч болно.

Одоогоор Англи хэл дээр гаргасан мэдээллийг дараа 7 хоногоос бусад хэлд хөрвүүлэхээр төлөвлөж буй.

СOVID-19 халдварын 4 үе шатанд тохирох арга хэмжээг ДЭМБ-аас тодорхойлж, улс орнуудад өгсөн. Манай улс уг бичиг баримт гарсан даруйд Шуурхай штаб салбар хоорондын стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулан батлууллаа" хэмээв.

"Герман, Испани, Франц, Швейцарь улсад халдварын тохиолдол хоногт 1,000-5,000-аар нэмэгдэж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа дэлхийн улс орнууд COVID-19 халдварын үед ямар ямар арга хэмжээ авч хэрхэн ажиллаж байгааг танилцууллаа.

Тэрбээр "Еврип тивд халдварын тохиолдол буурахгүй байгаа. Итали улсын дараагаар Герман, Испани, Франц, Швейцарь улсад халдварын тохиолдол хоногт 1,000-5,000-аар нэмэгдэж байна.

Итали улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 627 нас баралт бүртгэгдэж, нийт нас баралтын тоо 4,032 болсон. Тус улс үндэсний хэмжээнд хөл хорио тогтоогоод байгаа ч хангалттай хэмжээнд чанга биш байна гэж үзээд улам чангатгах зорилгоор цэргийн алба хаагчдыг иргэдийн хөдөлгөөнд хяналт тавиулахаар дайчилсан байна.

БНСУ-ийн Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээлснээр шинэ халдварын тоо дахин өсөж, өнгөрсөн хоногт 147 тохиолдол бүртгэгдсэн. Нийт нас баралт тус улсад 100 гаруй байгаа. 

БНХАУ-ын Ухань хотод сүүлийн гурав хоногийн турш шинэ халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Харин улсын хэмжээнд шинээр 41 тохиолдол бүртгэгдсэний дийлэнх олонх нь гадаад улсаас ирсэн зорчигчидтой холбоотой байсан байна.

Гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар дэлхийн 124 улс бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зогсоогоод байна. Түүнээс гадна хэсэгчлэн сургуулийн үйл ажиллагааг зогсоосон 10 гаруй улс байгаа" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.