Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Наранбаатар: Бие засчихаад суултуураа тагласны дараа усаа татах нь COVID-19 халдвар бусдад тараахгүй байх нэг арга

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

"Оном" сангийн үүсгэн байгуулагч Наранбаатар ээлжит мэдээллээ видеогоор хүргэхдээ клиникийн судалгааны үр дүн эхнээсээ гарч байгаа болон Монгол Улсад ашиглах боломжтой эмийн талаар сонирхолтой мэдээлэл өглөө. 

Уг мэдээллийг өгөхөөсөө өмнө тэрбээр Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын Онцгой комисс болон эмч нар үнэхээр сайн ажиллаж, иргэдээ татан авах ажлыг өндөр зохион байгуулалттайгаар хийж байгааг онцоллоо.

Түүнчлэн уушгины үйл ажиллагаа нь зогссон хүмүүст маш хэрэгтэй 2 аппаратыг энэ чухал үед хандивын мөнгөөр Монгол Улсад анх удаа авч, Анагаахын сургалтын эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангаж байгаа нь эрүүл мэндийн салбарын хувьд маш чухал үйл явдал болсныг тэмдэглээд дараах мэдээллийг өгсөн юм. 

COVID-19 нь генетикийн дарааллын хувьд 2003 онд дэгдэж байсан SARS-тай 86%-ийн төстэй байгаа бол MERS-тэй үүнээс илүү ойролцоо байгаа тул өмнө нь эдгээр вирусийн эсрэг ашиглаж байсан эмүүдийг эрдэмтэд хамгийн түрүүнд ашиглах судалгааг маш хурдтай хийж байгааг тэрбээр онцоллоо. 

Ялангуяа, үр дүнтэй байгаа зарим нэг эмийг олон оронд ашиглаж, клиникийн судалгаа хийх ажлыг ДЭМБ зохион байгуулж байгаа тул үүнд Монгол Улс хамрагдах чухал гэдгийг хэллээ. 

Тэрбээр:

БНХАУ-д тархалт анх түгсэн тул эмчилгээг маш хурдан боловсруулж, удирдамжаа 5-6 удаа өөрчилсөн. Элэгний B, C, D вирусийн эсрэг цацлага, утлага хэлбэрээр амьсгалуулах байдлаар хамгийн түрүүнд интерферон эм хэрэглэгдсэн. Интерферон бол  дархлаа үүсгэдэг байгалийн молекул. Интерферон альфа, бэтта нь удаан хугацаанд хэрэглэгддэг ба сөрөг нөлөө ихтэй.

Харин интерферон ламбдаг элэгний Д вирусийн эсрэг эмчилгээнд клиникийн судалгаа хийж байгаа. Сөрөг нөлөө харьцангуй бага. Тэгвэл уг эмийн эрхийг эзэмшдэг, Стэнфордын профессор Жеффри Клэйний байгуулсан компани Монгол Улсад хэрэглүүлэх боломжтой гэдгээ мэдэгдээд байна. Оном сангийн эрдэмтдийн баг энэ талаар ЭМЯ болон халдвар илэрсэн иргэдийг эмчилж байгаа ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах тасгийн эмч Чинбаян нартай ярьж, танилцуулсан.

Уг эмийн клиник судалгааг Израил, Америкийн Эрүүл мэндийн хүрээлэн, Жон Копкинсын сургуульд явуулахаар бэлтгэл хангаж байна. 
ЭМЯ-тай ярилцаад энэ ажлыг урагшлуулах арга хэмжээ авна" гэлээ. 
 
Уг эмийг халдвартай ойр байж байгаад ирж буй хүмүүс болон энэ нөхцөлд ажиллаж байгаа эмч нарын багт хэрэглүүлснээр шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх, халдвар авсан ч эхэн үед нь устгах боломжтойг тэрбээр хэллээ. 

Түүнчлэн халдварыг цаашид нийтэд дэгдээхгүйн тулд  анхаарах зарим зүйл байгааг хэллээ. 

COVID-19 нь 

-Амьсгалын замаар халдаж байна. Бичил дусал болж, агаарт хөвөөд халдаж буй. Халдвараа алдахгүй байх чадвар нь 3 цаг орчим үйлчилж байна. 

-Бичил дуслын хэмжээ 5-10 микрон, үүнээс томууд нь гадаргуу дээр унадаг. Ингээд агаар болон бохирдсон гар, гадаргуугаас халдах боломжтой. 

-Мөн хүний өтгөнөөр дамжин халдварлах боломжтойг шинжлэх ухаан тогтоолоо. SARS-ийн үед Хонг Конгт бохирын хоолойгоор дамжин зочид буудалд байсан бүх хүнд халдвар тарсан тохиолдол байгаа тул бие засаад суултуурынхаа тагийг тагласны дараа усаа татах нь бусдад халдаахгүй байх нэг арга гэдгийг хэллээ. 

  • Цаашид эрүүл мэндэд ашиглаж болох буюу шинээр авсан уушги орлуулагч аппаратандаа ашиглах хүчилтөрөгийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Энэ бол онцгой хэрэгтэй зүйл. 
  • Хэрэв дэгдэлт гараад хүндрээд эхэлбэл амьсгалын аппаратны дутагдалд орох эрсдэлтэй. Итали улс ийм шалтгаанаас болж нас барах магадлал багатай хүмүүсээ сонгож эмчилж байна гэдгийг сануулав. 

Видео:

https://www.facebook.com/onomsan/videos/138284317601113/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.