Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн хүндрэлийн үед татвараа төлсөөр байгаа хариуцлагатай ААН-үүдээ Засгийн газар яаж дэмжих вэ?

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цар тахал дэгдсэн энэ хүнд үед хүртэл Монгол Улсын Засгийн газар иргэдээ ялгаварлан гадуурхсан бас нэгэн шийдвэр гаргахаар зэхэж байна.

Ялангуяа, улс орны эдийн засгийг нуруундаа үүрч явдаг бизнес эрхлэгч, ажил олгогч, татвар төлөгчдөө ялгавартайгаар дэмжихээр хуулийн төсөл боловсруулсан тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар жиргэсэн. Тэрбээр "Бизнес эрхлэгчдийн Нийгмийн даатгалын шимтгэлийн ачааллыг бууруулах зорилгоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн хугацаанд оногдуулж тайлагнасан боловч хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд тооцох алданги, торгуулийг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг 4 дүгээр сард УИХ-аар хэлэлцүүлэн батлуулна.

Хууль батлагдсанаар зургаан мянга гаруй ажил олгогчийг 11.6 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас чөлөөлөх урьдчилсан тооцоотой байна" гэв.   

Ийнхүү ААН, бизнес эрхлэгчдийг дэмжих хуулийн төсөл ирэх сард УИХ-аар хэлэлцэгдэн, батлагдах аж. 

Гэтэл Монгол Улсад 6,000 биш 93,820 аж ахуйн нэгж бий. Энэ бол Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2019 оны эцсийн тоо. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд тэдгээрээс хэд нь хаалгаа барьсан нь одоогоор тодорхой болоогүй байна. 

МҮХАҮТ-аас шинэ коронавирусийн нөлөө хэрхэн тусаж байгааг 1,100 аж ахуйн нэгжийн дунд судлахад 57.4 хувь нь “маш их нөлөөлсөн” гэж хариулсан бол 30 орчим хувь нь “дунд зэрэг нөлөөлсөн” гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, ААН-үүдийн 90 орчим хувь нь COVID-19-ийн нөлөөгөөр үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэлтэй болсон байна. 

Тиймээс ажлын байрыг хадгалж үлдэхийн тулд ядаж эхний ээлжинд 50 хүртэл ажилтантай ААН-үүдээ дэмжих зөвлөмжийг МҮХАҮТ-аас гаргаад буй. Тэгвэл бизнес регистрийн санд бүртгэлтэй ААН-үүдээс 80,657 нь 1-9 ажилтантай бол 10,600 нь 10-49 ажилтантай байна. Өөрөөр хэлбэл, 90,000 аж ахуйн нэгж яг адилхан түрээс төлөөд ажлын байр бий болгоод ажиллаж байхад Сангийн сайдын хэлснээр 6,000 нь төрийн дэмжлэг авах нь. 

Зураг. Статистикийн бизнес регистрийн сан (2019 оны эцсийн байдлаар)

 
Эх сурвалж: ҮСХ

Засгийн газрын энэхүү ялгавартай бодлого нь хамаг нөөц боломжоо шавхаад ажлын байраа хадгалаад, татвар шимтгэлээ цагт нь төлж байгаа хариуцлагатай бизнес эрхлэгчдээ “хохирогч” болгож, харин заримыг нь завшихад хүргэж байгаагаас өөрцгүй байна. 

Засгийн газар ийнхүү иргэдээ хөгшин залуу, зээлтэй зээлгүй, хариуцлагатай хариуцлагагүйгээр нь ялгаварласаар байх уу?