Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Сангийн сайдад хүргэх миний үг

ikon.mn
2020 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

COVID-19 халдварын улмаас манай улсын эдийн засгийн эргэлт удааширч, жижиг бизнес үндсэндээ хаалгаа барилаа. Татварын орлого эрс буурч байгааг таахад заавал “Ванга” байх албагүй. Оюу Толгой төслийг эс тооцвол манай экспорт тэг зогсолт хийж байна. 

Дэлхийн өвчний тархалтыг харвал намар хүртэл байдал дээрдэхгүй шинжтэй боллоо. Гэтэл нөгөө талаас 2 их наяд гаруй төгрөгийн алдагдалтай баталсан 2020 оны төсвийг тодотгох шаардлагагүй гэж удаа дараа мэдэгдэл хийж байгаа Таны үгэнд сэтгэл амар сууж чадахгүй байгаа тул аргагүйн эрхэнд өөртөө стресс нэмэн танд захидал бичиж сууна.

Энэ жилийн төсвийн хөрөнгө оруулалтыг легал инфо хуудаснаас авч судалж үзвэл нийт 4.2 их наяд төгрөгийн төслүүдийг дэмжиж, энэ онд 1.8 их наяд төгрөг зарцуулах төсөв баталжээ. Сонгуультай жил учраас 2020 оны улсын төсөвт нийгмийн шинж чанартай хөрөнгө оруулалт ихээр тавигдсаныг ойлгож болох боловч энэ удаагийнх шиг увайгүй, харалган төсөв харсангүй.

Багийн иргэний танхим, ахмадын өргөө, шинэ хорооны байр барьж, сумын төвийг шинэчлэхэд 39 тэрбум, орон нутагт сургууль цэцэрлэг, дотуур байрны барилгын 353 тэрбум төгрөгийн төслийг эхлүүлэхэд 165 тэрбум, нийтийн орон сууцны хана, дээвэр, фасад, хашаа будах ажилд 38 тэрбум, шинээр театр, соёлын төв барих 591 тэрбумын төсөл баталж, энэ онд эхлүүлж, тууз хайчлахад 118 тэрбум, тэдгээрийн засвар арчлалтад 20 тэрбум, сургууль цэцэрлэгийн хананд будаг шунх түрхэж, өнгө засахад 23 тэрбум, соёлын төвүүдэд хөгжим, тоног төхөөрөмж худалдан авахад 39 тэрбумыг зөвхөн энэ жил зарлагадах нь.

Дээр нь улсаас санхүүжүүлэх нь зүйтэй эсэх нь тун эргэлзээтэй Шинэ яармаг төслийн дэд бүтцийг босгоход 5 тэрбум, аялал жуулчлалын бааз барих 19 тэрбумын дүнтэй 10 төслийг /үүнээс 6 нь Хэнтий аймагт/ дэмжиж 11 тэрбум өгөх, 3 тэрбумаар хүүхдийн зуслан байгуулах нь зөв үү?

Бид социализмыг байгуулахаар шийдэж дээ янз нь. Ард түмнээ ингэж аймаг, нутгаар нь ялгаж болох уу?

Зураг. Анхаарал татсан хөрөнгө оруулалтууд

 
Эх сурвалж: Хөгжлийн эдийн засагч Ц.Лут-Очир

Монгол Улсын 315 сум бүрийн Орон нутаг хөгжүүлэх санд дэмжлэг, урамшуулал нэртэй 10 тэрбум төгрөг тарааж байгаа нь УИХ-ын сонгуулийн авилгын сүлжээ, наадмын үеэр зочдод үйлчлэх хорхог боодог, морины уралдаан, бөхийн бай шагналд очно гэдэгт мөрий тавилаа.

Хамгийн аймшигтай нь эдгээр төсөлд энэ жил 802 тэрбум төгрөгийг салхинд хийсгээд зогсохгүй үлдэгдэл санхүүжилт 1,642 тэрбумыг ирэх жилүүдэд татвар төлөгчдийн мөнгөөр дараагийн Сангийн сайд дуусгах учиртай. Эсвэл мөнгөгүйн улмаас царцсан төслийн тоог нэмж, барилгын гүйцэтгэгч нарын үйлийг үзэж, хөрөнгийг барж дуусгах төлөг бууж байна. 

Энэ олон барилгын төслүүдийн хэдэн хувь нь БНХАУ-ын эдийн засгийг дэмжиж, манай гадаад валютын нөөцийг намнахыг судалсан болов уу?

55 тэрбум төгрөгөөр босох Дуурь бүжгийн эрдмийн театрын барилгын зураг төсөв боловсруулах, барилгыг шинэчлэх ажлыг эхлүүлэхэд 2 тэрбум төгрөг тавьжээ. Энэ мөнгөөр нарийвчилсан зураг гаргаад, байгаа ганц театраа нурааж устгаад, дараа жилийн төсөвт мөнгө тавигдахыг горьдлогын харцаар хүлээж суух байлгүй дээ.

Сонгууль дөхөхөөр нөгөө сонгогдсон гишүүд, дарга нар нь ирээд цагаан бээлий өмсөж, тууз хайчлаад, малийсан дүрээ гаргаж зураг авахуулж зогсох, улмаар юм хийсэн дүр үзүүлж дахин сонгогдохын тулд энэ бүх жүжгийн зохиол бичигдсэнийг бид гадарлахтайгаа шүү. Ард түмнийг басан доромжилж байгаа үйлдэл чинь хэрээс хэтэрлээ.

Гандантэгчэнлин хийд маань түүх соёл, шашны дурсгалт зүйлийг сэргээн тохижуулах буяны үйлсдээ 1 тэрбум төгрөг авах нь. Гэтэл нөгөө талаас нийт шинжлэх ухааны судалгааны байгууллагуудын хөрөнгө оруулалтад 3 тэрбум төгрөг тавьсан нь төсөв бүрдүүлэлт үнэхээр хэцүү байгаагаас уу? Эсвэл ирээдүйд чиглэсэн судалгаа шинжилгээ хийж, хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлэх шаардлагагүй гэж эрхэм УИХ-ын гишүүд үзсэнийх үү?

Би энэ оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг судалж үзээд 802 тэрбум төгрөг сонгуулийн үеэр санал худалдаж авах авлигын шинжтэй, ирээдүй хойч үед маань үр өгөөжгүй, бидний өрийг улам нэмэгдүүлж, амьдралыг маань доройтуулах үр дагавартай гэж үзэж байгаа тул жагсаалтыг гаргаж олон нийтэд харуулахаар ийнхүү хавсаргалаа. 

Эдгээр зарлагыг төсвийн тодотголоор хасах, илүү ард иргэддээ хэрэгтэй зүйлд зарцуулах зайлшгүй шаардлага үүслээ.

Энэ хэмнэгдсэн 802 тэрбум төгрөгөөр бид юу хийж болох вэ?

Монгол-Японы хамтарсан сургалтын эмнэлгээ төсөвтэй болгоё. Ханиадны тархалтыг зогсоох гэж нойр хоолгүй зүтгэж байгаа эмч, сувилагч, асрагч, цагдаа, хилийн алба, онцгой байдлын ажилтнууддаа гурван сарын цалингаар урамшуулъя. Цэцэрлэг, сургуулийн багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдье. Дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүн мах, сүү, цагаан идээ, гурил, гоймон, өндөг, талх боорцог, төмс ногоо авдаг карттай болгоё

Угаасаа авдаг хэд нь амьдралд нь хүрэхгүй байгаа юм. Ахмадууддаа ч карт өгье. Дотоодын үйлдвэрээ ч давхар дэмжье. Монгол дотроо эргэлддэг зүйлд мөнгөө зарцуулъя. Тэгвэл жинхэнэ эдийн засгаа агшихаас хамгаалах бодлого болно. Халамж өгөхдөө ч эх оронч бодлогоо хэрэгжүүлэх учиртай баймаар.

Бид сонгууль зорьж амьдармааргүй байна.

Сонгуулийн дараа монголчуудын амьдрал үргэлжлэх учиртай. Дахин сонгогдохын тулд эрх баригчдаас явуулж байгаа халамжийн шинжтэй, үр ашиггүй төслүүд хэрэгжүүлж, зээл тэглэх, ногдол ашиг тараах зэрэг аливаа бодлого шийдвэр улсын эдийн засгийн чадавхыг бууруулж, төгрөгийг үнэгүйдүүлж, гадаад валютын нөөцийг шавхах болно. Халамж тарааснаар ядуурлаас гарахгүй, дунд давхаргаа ядууруулах нигууртай.

Үүнийг Австралийн Сиднейн их сургуулийг эдийн засгаар тэргүүлэх зэрэгтэй магистр цолтой төгссөн эрхэм Сайд та мэдэхийн дээдээр мэдэж байгаа тул яаралтай залруулах ажлыг та өөрийн биеэр үлгэрлэнэ гэдэгт итгэж найдаж байна. Энэ олон барилгын төслийн тендер зарлагадаж, гүйцэтгэгч тодорч гэрээ байгуулахаас нь өмнө төсвөө залруулна гэдэгт итгэж байна. Улс орноо аюултай байдалд оруулахаас сэргийлэх эх оронч байгаач. Бидний ирээдүйг битгий сүйтгээч.

Дахин сонгогдохын тулд халамж тараах, мөнгө цацах, зээл тэглэх бодлого энэ УИХ, Засгийн газар явуулсаар байх аваас та нарыг өөрсдийг чинь ирэх сонгуулиар "тэглэх"-ээс өөр аргагүй. Энэ бол мэдсээр байж улс орны чадавхыг сулруулж, эдийн засгийн хямралд оруулах үйлдэл.

Ийм үйлдэл хийж байгаа эдийн засгийн алуурчид, бэртэгчингүүдийг энэ сонгуулиар "тэглэх"-ийг би бүх найзууддаа зогсолтгүй уриалах ба сонгогчдын 40 хувийг бүрдүүлж байгаа дундаж давхарга болон эх орныхоо ирээдүйд санаа зовдог бүх үеийнхэн миний үгийг сонсоно гэдэгт итгэж байна. Бид Венесуэлд амьдармааргүй байна.

 

Австралийн Үндэсний их сургуулийн магистр, Хөгжлийн эдийн засагч Ц.Лут-Очир