Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

О.Ариунтуяа: БНХАУ-аас гадна дэлхийн 36 улсад шинэ коронавирусийн халдварын 2,611 тохиолдол бүртгэгдлээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 2 сарын 26
iKon.MN

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирус буюу COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Шууд хүлээн авч үзнэ үү:
https://www.facebook.com/iKonNews/videos/531423120865416/

"БНХАУ-д Хубэй мужаас гадна таван тохиолдол бүртгэгдсэн нь нэгдүгээр сарын 20-ноос хойших хугацаанд гарсан хамгийн бага үзүүлэлт "

 
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа: 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагийн байдлаар шинэ коронавуирсийн халдварын 80,809 тохиолдол бүртгэгдсэн. БНХАУ-аас гадна дэлхийн 36 улсад 2,611 тохиолдол гарсан.

Сүүлийн өдрүүдэд БНСУ, Итали, Иранд тохиолдлын тоо ихэссэн. Харамсалтай нь Монгол Улсын иргэн Солонгост нас барсан тохиолдол гарлаа.

АНУ-ын халдварт өвчин судлалын төвөөс тус улсад халдвар тархах нь цаг хугацааны асуудал боллоо хэмээн мэдэгдсэн. Өчигдөр Хубэй мужаас гадна таван тохиолдол бүртгэгдсэн нь нэгдүгээр сарын 20-ноос хойших хугацаанд гарсан хамгийн бага үзүүлэлт болж байгаа бөгөөд БНХАУ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь үр дүнгээ өгч байна.

Маргааш 08:00 цагт хөдөлгөөний хязгаарлалт дуусах бөгөөд орон нутагт цас ихээр орсон учир иргэд нэн шаардлагагүй бол орон нутагт зорчихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Мэдээллийн дараагаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

"Монгол Улсын иргэд Солонгосоос ОХУ-ын Эрхүүгээр дамжин ирэх тохиолдол гарсан"

 
Гэрэл зургийг mpa.mn

-Төв аймаг болон Багануурт тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

-Төв аймгийн Цээл суманд БНСУ-д аялаад ирсэн өгүүлэмжтэй бага насны хүүхэд халуурсан, гүйлгэсэн мэдээлэл ирсний дагуу ээжийнх нь хамт сумын эмнэлэгт тусгаарлан, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү илгээсэн. Хариу нь маргааш гаргана. Багануурт мөн хоёр иргэн өөрсдөө хандаж, шинжилгээ өгсөн.

-Сумын эмнэлэгт стандартын шаардлага ханган тусгаарлах бололцоо бий юу?

-Сумын эмнэлэг бүрт халдварын таван ор бий. Сэжигтэй тохиолдлуудтай хамт өөр иргэн байхгүй. 

-Талийгаач О-той хамт зорчиж явсан иргэдийг Солонгост хайж байгаа гэж үнэн үү?

-Манайхаас тийм мэдээлэл гаргаагүй. Хамт амьдарч байсан иргэдийг шинжилгээнд хамруулсан. Талийгаач О нь нэгдүгээр сарын сүүлээр Монголд байх үеэрээ томуугийн харуулдан тандалтын тогтолцооны шугамаар шинжилгээ өгөхөд томуугийн А хүрээний H3N2 вирус илэрч байсан юм байна лээ.

-Баян-Өлгий аймагт вьетнам улсын иргэдтэй холбоотой мэдээлэл гараад байгаа?

-Солонгосын онгоцоор Улаанбаатарт ирээд Баян-Өлгий аймаг руу зорчсон вьетнам иргэдийн нэгэнд нь ханиаж, халуурах шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлаж, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-д ирүүлсэн.

-Иргэд Монголдоо ирэхдээ хилийн боомтоо өөрчилж байгаа гэсэн. Үүнд хэрхэн хяналт тавих вэ?

-Монгол Улсын иргэд Солонгосоос ОХУ-ын Эрхүүгээр дамжин ирэх тохиолдол гарсан. ОХУ тасалбар олгохдоо лабораторийн хурдавчилсан аргаар шинжилгээ хийж байгаа. Өчигдөр БНСУ-аас Орост очсон 20 монгол иргэнд хоёр удаа шинжилгээ хийхэд хоёулангийнх нь хариу сөрөг гарсан. Гэхдээ хилээр орж ирэхэд нь Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас үзлэг, тандалт судалгаагаа хийнэ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.