Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Удахгүй танилцуулагдах Самсунгийн эвхдэг гар утасны албан бус видео дүрс ил болжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Самсунг компани удахгүй Galaxy Z Flip гар утсаа зах зээлд танилцуулна гэсэн цуурхал тараад удаж байгаа.

Гэхдээ энэхүү шинэ бүтээгдэхүүний талаар бодитой мэдээлэл хомс байна. Тэгвэл технологийн салбарын нууц мэдээллийг олж задалдагаараа алдартай блогчин Бэн Гескин өчигдөр Galaxy Z Flip-ын туршилтын загвар байж болзошгүй гар утасны видео дүрсийг нийтэд үзүүлжээ.

Дүрснээс харвал шинэ бүтээгдэхүүн нь хуучны сонгодог загварын эвхэгддэг гар утасны уян дэлгэцтэй хувилбар болсон байна.

Эвхэгдсэн үедээ гадна талдаа жижиг дэлгэцтэй болдог Galaxy Z Flip-ийг дэлгэхэд нэлээд өндөр дэлгэцтэй болж байгаа юм.

Гадна талдаа хос камертай бол дотор талдаа нэг камертай харагдаж байна. Өмнө тарсан цуурхлаар бол Galaxy Z Flip нь 6.7 инчийн 2,636 х 1,080 харьцаатай дэлгэцтэй, Snapdragon 855 Plus процессортой, 8GB RAM-тай, 256GB дотоод санах байгууламжтай байна гэсэн мэдээлэл бий.

Харин чихэвчний оролтгүй, microSD картны оролтгүй байна гэсэн мэдээлэл тараад байгаа. Шинэ гар утсыг Самсунг компани хоёрдугаар сарын 11-нд танилцуулах төлөвтэй байна.

Үнийн хувьд Galaxy Fold шиг $2,000 хүрэхгүй ч удахгүй гарах Galaxy S20-оос өндөр үнэтэй байна гэсэн таамаглал яригдаж байгаа юм.

 

Эх сурвалж: Engadget