Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хог ачилтын компаниудын үйл ажиллагааг цахимаар хянадаг болно

ikon.mn
2020 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөнд хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өгөв.

 

Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгавар 85 хувийн хэрэгжилттэй байна. Налайхын автозам тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, авто замын засвар, арчлалт, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол зохион байгуулах үүрэг даалгаврын хүрээнд бүрэн байршуулж дууссан. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Өгөөмөр” захын орчмын орц, гарцыг яаралтай нээх асуудлыг ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр бүрэн шийдэхээр талуудтай тохиролцоонд хүрсэн. Сургуулийн автобусанд “Ub school bus” аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлэх ажил бүрэн хийгдэж дууссан. Ерөнхий боловсролын сургуулийн 3,000 гаруй сурагчдад байршил тогтоогч бугуйвч тараасан” гэсэн юм.

Харин шинэ коронавирусийн цаг үеийн байдлын мэдээг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцуулсан юм.

 

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар ДЭМБ, БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр нийт 14,411 хүн өвчилсөн, сэжигтэй тохиолдлын тоо 19,544, бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 328 иргэн байгаа. Харин БНХАУ-ын Ухань хотоос Монгол Улсын 30 оюутан, нэг хүүхэд, зарим албаны хүмүүс гээд нийт 58 хүнийг авчирсан, иргэдийг 14 хоног ХӨСҮТ-д тусгаарлаж тандалт хийж, лабораторийн шинжилгээнд хамруулна” гэлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Хотын удирдлагууд бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажлуудад хяналт тавьж хэрэгжилт биелэлтэд анхаарал хандуулж байхад доод шатны удирдлагууд, ялангуяа дүүрэг хороодын Засаг дарга нар үүргээ биелүүлэхгүй байна. Дүүрэг хороодын Засаг дарга нарын өмнөөс шөнө оройгүй явж хогийн ачилт цэвэрлэгээ, гудамж талбайн гэрэлтүүлэг гэх мэт ажлуудаар явахад ажлаа мэдэхгүй Засаг дарга нар ч байна. Тиймээс эрхэлсэн ажилдаа сэтгэл гаргаж ажиллахыг хүсмээр байна” хэмээн хэлэв.

 

"Хоггүй амьдарцгаая” аяны биелэлт хангалтгүй байгаа учраас нийслэлийн Мэдээлэл технологийн газар, Захирагчийн ажлын алба хамтран дүүргүүдийн ТҮК-ийн ажлыг нэгдсэн системд холбож, цахимаар хянах боломжтой болгохыг Хотын Захирагч С.Амарсайхан үүрэг болголоо.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах үүргийг нийт удирдлагуудад өгөв.

 


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.