Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Металлын тухай сонирхолтой баримтууд

ikon.mn
2020 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Зэсийн дажин”

Зоосон мөнгийг санаачлан гаргаснаас хойш нэн удалгүй анхны хуурамч зоос үйлдвэрлэгчид бий болсон бололтой. Зөвхөн луйварчид ч биш, хаан эзэн, ноёд хуурамч мөнгө хийж байсан олон тохиолдлыг түүх гэрчилдэг.

Шунахай зорилгыг нь мөшгөж үзвээс тэд алт, мөнгөн зоосны жинг багасгаж, оронд нь үл зэврэх металл болох зэс буюу цагаан тугалга сольж хийх зэрэг бусад заль мэхийг хэрэглэдэг байжээ.

Улс даяар хэрэгжүүлсэн ийм нэгэн түүх (санхүүгийн гүйлгээ) XVII зуунд Орос оронд болж байсан байна. 1654 онд Оросоос Польштой хийж байсан дайн тулаан нь мөнгөн сан хөмрөгийг хоослож, мөнгөний хэрэгцээг улам бүр ихэсгэж байлаа.

Хаан Алексей Михайлович тэртэй тэргүй өндөр байсан албан татварыг нэмэгдүүлсэн боловч үнэхээр ядуурсан ард түмэн төлөх аргагүй байлаа. Тэр үед ноён Федор Ртищев мөнгөн санг арвижуулах арга бодож олсон нь үнэн хэрэгтээ уршиг тарьсан юм.

Тэр үед Орост мөнгөн зоос хэрэглэж байв. Орос орон өөрийн гэх мөнгөгүй учраас зоосоо гадаадын зоосоор цутгадаг байжээ. Үүндээ голдуу Баруун Европын иоахимсталерыг  (үүнийг Чехийн Иоахимсталь хотноо цутгадаг байсан) ашигладаг байсан. 

Орост “ефимок” гэж нэрлэж байсан иоахимсталерын латин бичээсний дээрээс нь орос тэмдэгтийг дардаг байв. Нэг ефимок нь мөнгөн санд 50 копейктэй тэнцэж байсан хэдий ч хаан түүн дээр рублийн тэмдэгт дарахыг тушаажээ. 

Үүнээс гадна хямдхан зэсээр хийсэн тавт, хорин тавт, аравт, гуравтын зоос гаргаж, энэ бүгдийг мөнгөтэй адилаар үнэлэхийг зарлиг буулгажээ.
Хааны санхүүчдийн тооцоогоор энэхүү шинэтгэл нь жилийн бүх албан татвараас 10 дахин их, өөрөөр хэлбэл дөрвөн сая рублийн орлогыг хааны мөнгөн санд оруулах байсан байна.

Ийм их мөнгөнд толгой нь эргэсэн хаан шинэ зоосыг аль болох богино хугцаанд маш олныг хийхийн тулд өдөр шөнөгүй шамдаж ихээхэн хүчин зүтгэхийг шадар ноёддоо тушаажээ. Үнэ цэнээ алдсан мөнгө Орос орноор нэг дүүрэв. Харин мөнгөний гүйлгээнд эзэн хаанд ч үл захирагдах өөрийн гэсэн хууль үйлчилдэг. 

Хэрэв байх ёстойгоос нь илүү их мөнгийг гүйлгээнд гаргах юм бол мөнгөний худалдан авах чадвар буурч, барааны үнэ нэмэгдэж, мөнгөний ханш уналт болдгийг бид мэднэ. Ийм явдал тэр үеийн Орос оронд болжээ.

Ард түмэн, хүмүүс хааны тарьсан шинэтгэлийн хор уршгийг тун удалгүй мэдрэх болсон байна. Талх болон бусад хүнсний зүйлийн үнэ огцом нэмэгджээ. Худалдаачид барааны үнэнд зөвхөн мөнгө төлөхийг шаардаж байлаа. Харин тэр мөнгө хааны санд асар ихээр хуримтлагдсан байна.

Улс орон даяар өлсгөлөн эхэлж, ард түмэн тэсэхүйеэ бэрх болж, 1662 онд Москвад бослого гарчээ. Энэ явдал түүхэнд “Зэсийн дажин“ хэмээн тэмдэглэн нэрлэгддэг. Эзэн хаан бослогыг харгислан дарсан боловч түмэн олон санасандаа хүрч(үхэн зүтгэж), зэс зоосыг гүйлгээнээс гаргуулж, мөнгөн зоосоор солиулахаар болсон ажээ.

“Халцархай зэс хамарт хаан”

Дээрхтэй нэгэн адил үйл явдал XVI зуунд Англи улсад болж байжээ. Ер нь аливаа эзэн хаан, ноёд болон дээд зиндааны түүхэн хүмүүс нэр хоч, гуншинтайгаа түүхнээ үлдсэн байх нь цөөнгүй. Ард түмэнд болон түүхэнд Агуу их, Сүр жавхлант, Суу билэгт хэмээгдэн нэрлэгдэж үлдэхийг хэн эс хүсэх билээ. Энэ завшаан хэн дуртайд нь амар заяахгүй болой.

Английн YIII Генрих хаан(1491-1547) хувь заяандаа гомдмоор. Түүнийг албат иргэд нь “Халцархай зэс хамарт хаан" гэж хочилдог байв. Ингэж "өндөр хүндэтгэл" хайрласны гол шалтгаан нь YIII Генрихийн үед ордны зардал хэтэрхий их өсөж, зөвхөн ёс төрт 6 эхнэрт нь гэхэд л багагүй мөнгө зарж байсан байна. Бас Франц Шотландтай хийж байсан дайнд ихээхэн хөрөнгө зориулах хэрэгтэй байв.

Энэ бүхэн эзэн хааны санхүүг сүрхий доройтуулсан ажээ. Энэ байдлаас гарах өвөрмөц аргыг дайны хэнээтэн, шалиг эзэн хаан олсон байна. Түүний нууц зарлигаар мөнгөн зоосыг зэсээр цутгаж, гадна талыг нь мөнгөөр нимгэхэн өнгөлөх болжээ. YIII Генрихийн хаанчлалын үед зоосонд орох мөнгөний хэмжээ 90-ээс 40 хувь болж буурчээ.

Ер нь тэгээд олон жил гүйлгээнд гарсан аливаа зоос аажимдаа элэгддэг билээ. YIII Генрихийн дүрийг товойлгосон Английн мөнгөн зоос(шиллинг) ч үүнийг "туулсан". Зоосон дээр дүрсэлсэн эзэн хааны нүүрнээс хамар нь илүү товойж гарсан учраас бусдыгаа бодоход хурдан элэгдэж байв. Ингээд хамрын үзүүрийн мөнгө нь арилж, зэс нь цухуйх нь тэр.

Чухамдаа үүнээс болж YIII Генрих хааныг сэрүүн тунгалаг ахуйгаас нь ард түмэн “Халцархай зэс хамарт хаан” гэж нэрлэх болжээ. Энэ хоч нэр одоо хэр нь зоос зүйчдийн дунд яригдсаар байдаг ажээ.  

“Молибдентой ёотон”

Амьтны болоод ургамлын бие мах бодын хэвийн үйл ажиллагаанд химийн ихэнх бодис зохих хэмжээгээр шаардлагтай байдаг нь тодорхой.

Ер нь хүний биед шаардлагатай төрөл бүрийн витамин, химийн бодисууд ногоо жимс, хэрэглэж байгаа бусад хүнсний зүүлээр дамжин хүний биед ордог. Эдгээр нь хүний биед өчүүхэн бага хэмжээгээр шаардлагатай байдаг.

Хуучнаар ЗХУ-ын үед Украины Киев хотын чихрийн үйлдвэр амтат бүтээгдэхүүний ер бусын нэг төрөл болох бичил химийн элементүүд нэмсэн тийм ёотонг 1980-аад оны үед үйлдвэрлэж байжээ. Тэрхүү шинэ ёотонгийн найрлагад марганц, зэс, цайр, хөнгөн цагаан, кобальт, хром, ванади, титан, литий , молибден асар өчүүхэн хэмжээгээр орсон байна.

Молибдентой ёотонг өнгөрсөн зуунд ийнхүү үйлдвэрлэж байсан түүхтэй ажээ.

 

                                                                                    Уулын инженер баяжуулагч Д.Отгонбаатар