Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Манай яамны газрын дарга, манай салбартай холбоотой ажиллаж байсан хүмүүс Элчин сайдаар томилогдож байгаа"

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гадны орнуудад суух Элчин сайдуудын томилгооны асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатараас тодрууллаа. 

-Засгийн газрын хуралдаанаар Элчин сайдуудын томилгооны асуудлыг хэлэлцсэн юм байна. Нийт хэдэн улсын Элчин сайдын асуудлыг хэлэлцсэн бэ? 

-Нийт 11 Элчин сайдын нэрийг Засгийн газрын хуралдаанд оруулсан. Тэдгээр нэрсийг Засгийн газраас Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөн барина. Тэндээс УИХ-руу оруулж танилцуулна. Элчин сайдыг томилох нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал юм. 

Манай яамнаас Чех, Унгар, Болгар, Итали, Франц зэрэг 11 газарт суух Элчин сайд нарын нэрийг өргөн барьсан. 

-Ямар хүмүүс Элчин сайдаар томилогдох вэ?

-Манай яамны газрын дарга, эсвэл манай салбартай холбоотой ажиллаж байсан хүмүүс бий. Манай дэд сайд Б.Батцэцэг Италид суух Элчин сайдаар гэх мэт. Эдгээрээс гадна ганц хоёр оронд суух Элчин сайдын асуудал яригдаж байгаа. Гэхдээ эцэслэн шийдээгүй байна. 

-Австрали улсад суух Элчин сайдаар ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анхбаярыг томилуулах саналыг танай яамнаас өгсөн. Гэвч энэ томилгоог Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-аар оруулаагүй. Энэ томилгоо өөрчлөгдсөн үү. Мөн Австрали улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүү казино тоглосон гэх асуудалд холбогдоод байна. Та талаар ямар мэдээлэлтэй байгаа вэ?

-Энэ асуудлыг бид Ерөнхийлөгчид өргөн барьсан. Буцааж татаагүй. Тийм учраас асуудал яригдаад явж байгаа гэсэн үг. 

Б.Чулуунхүү Элчин сайдын тухайд угаасаа солих гээд асуудал нь орчихсон байгаа. Хэрэв казино тоглосон байвал бид даруй эгүүлэн татах саналыг эрх бүхий байгууллагад нь оруулна. Харин төлөөлөгчдийг дагаад явж байсан бол тэрийгээ нотло гэсэн. Би тухайн үед явж байсан гишүүдтэй ярьсан. Элчин сайд тоглоогүй юм билээ. 



Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдсэн 11 Элчин сайдын нэрийг танилцуулж байна 

1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэгмидийн Цэнгэлийг, 

 2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Наранбатыг  эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг, 

 3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормааг

4. Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг, 

5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард  Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Маньбадрахын Ганболдыг,

6. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд  Цэрэндоржийн Жамбалдоржийг  эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батмөнхийн Батцэцэгийг, 

7. Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чанравын Бүрэнбаярыг, 

8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар  Цогтоогийн Өнөрзаяаг,

9. Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Чимэддоржийн  Баттөмөрийг, 

10. Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг, 

11. Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг тус тус томилох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн байна.

Дашрамд дурдахад, БНБУ-д суух Элчин сайд Ц.Цэнгэл нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан төрийн ажлын туршлагатай эрхэм бол БНАСАУ-д Элчин сайд М.Ганболд өмнө нь тус улсад Элчин сайдаар ажиллаж байжээ. Мөн БНСУ-д суух Элчин сайд Ц.Өнөрзаяа нь тус улсын Их сургуульд багшилж байсан, Солонгос судлалаар мэргэшсэн хүн юм байна. 

Харин бусад Элчин сайд нь мэргэжлийн дипломатчид ажээ.