Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбат: Казинод ямар ч гишүүн тоглоогүй

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 1 сарын 20
iKon.MN

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар тайлбар хийж байна.

Шууд үзэх: 
https://www.facebook.com/iKonNews/videos/293377521619121/

Тэрбээр "УИХ-ын даргын хамтаар Ази-Номхон далайн парламентчдын чуулганд оролцоод ирлээ. Энэ үеэр нэр бүхий гишүүдийг Автсралид мөрийтэй тоглоомын газар тоглосон талаар нэлээд шуугиан гарч байх шиг байна. Энэ талаар тайлбар хийх нь зөв гэж бодлоо. 

Би анх удаа Сиднейд очиж үзсэн. Нэгэн аялал жуулчлалын төвөөр явах зуураа казиногоор ороод гарсан нь үнэн. Харийн оронд бид нэг л монголчууд. Чөлөөт цагаа чөлөөтэй өнгөрөөе гэж бодсон. Үүнийгээ өмгөөлөх, өөрсдийгөө хамгаалах шалтгаан байхгүй. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Мэдээлэл нууцлагдана гэж байхгүй. 

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч энэ асуудалд анхаарлаа хандуулж байгаа нь ч зөв. Харин энэ шуугиантай холбоотойгоор хэн нэгний нэр хүндийг гутаах, иргэдийг хуваах явдал байж болохгүй.

Анх ороод сонирхъё гэж л бодсон. Нээлттэй казино байсан. Орж гарахад ямар нэг биеийн байцаалт шалгадаггүй юм байна лээ. 

Зураг дээр  Д.Тогтохсүрэн гишүүний хажууд зогсож байсан хүн би мөн. Би мөрийтэй тоглоогүй. Тоглох шалтгаан ч байхгүй. Тэнд ямар ч гишүүн тоглоогүй. Манай Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байхав дээ" гэлээ.

Түүнчлэн Казиногийн хууль өргөн баригдсан байгааг дурдаад "Казиногийн хуулийг хэлэлцэх үеэр нэлээд дуулиантай юм болно байх. Өндөр хөгжсөн орнуудад казино бол аялал жуулчлалын газар гэж ойлгодог. Тэнд зөвхөн тоглохын тулд биш сонирхсон хүмүүс ч байдаг" хэмээв. 

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа. 

-Та өмнө нь өөр улсын казинод тоглож байсан уу?

-Залуудаа орж, тоглож үзсэн. Их мөнгөөр тоглоод байх боломж байгаагүй. Сая ч гэсэн бидэнд том мөнгөөр тоглоод явах боломж байгаагүй, бид тийм боломжтой ч хүмүүс биш. Тиймээс элдвээр хардах хэрэггүй. 

-Хуулийн болон ёс зүйн хариуцлага хүлээх үү?

-Хуульд юу гэж байна, түүгээр асуудал яригдах байх. Түрүүн хэлсэнчлэн би казинод орсныгоо ямар нэгэн байдлаар зөвтгөх шалтгаан байхгүй. Нийгэм юу гэж хүлээж авах нь вэ түүгээрээ болно байх. 

-Австралид суугаа Элчин сайдыг эргүүлэн татах уу?

-Хөтөлбөрийн дагуу Элчин сайд хамтдаа явж байсан. Эрх зүйн орчин ямар байна, түүгээр л шийдэгдэх байх.

-Хэн зураг авсан бол. Хардаж байгаа хүн бий юу?

-Хардаад яах вэ дээ. Бид чинь цөөхөн монголчууд. Харь оронд явж байхдаа хэн нэгний эрх ашиг, ялгавар гэж байх ёсгүй. Ямар нэг муу зүйл хийж, баахан хүний хөрөнгөөр тоглоод явсан бол тэр асуудал мөн. Харин энэ нөхцөл байдлын хувьд өөр.