Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг өнөөдөр шийдэхгүй бололтой

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 1 сарын 20
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Их хуралд хүргүүлсэн тухай мэдээлэл өнгөрөгч долоо хоногийн Пүрэв гарагийн орой ил болсон билээ. 

УИХ-ын дэгийн тухай хуульд УЕП-оос ирүүлсэн уг саналыг 48 цагийн дотор хэлэлцэнэ хэмээн заасан. Энэ дагуу УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан Баасан гарагт товлогдсон. Гэвч уг дэд хорооны таван гишүүний хоёр нь гадаад томилолттой байсан учир асуудлыг нээлттэй орхиж, ирц бүрдсэний дараа шийдвэр гаргахаар болсон юм. 

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ажилладаг бол парламетад хамгийн олон сонгогдсон Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар уг дэд хороонд харьяалагддаг. 

Бидэнд олдсон мэдээллээр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдахгүй байх магадлалтай болоод байна. Учир нь тус дэд хорооны таван гишүүний нэг нь болох ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан энэ сарын 24-ныг хүртэл гадаад томилолттой байгаатай холбоотой аж. 

Харин Австрали улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцсон Д.Лүндээжанцан гишүүн өчигдөр эх орондоо ирсэн байна. 

Түүнчлэн УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлэх эсэхийг шийдүүлэх гэж буй Н.Номтойбаяр дэд хорооны хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргахаар болжээ.