Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын Лотте группийн үүсгэн байгуулагч 97 насандаа таалал төгслөө

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Өмнөд Солонгосын Лотте группийн үүсгэн байгуулагч 97 насандаа таалал төгслөө
Sara, ikon.mn - text to speech

Дайны дараах Өмнөд Солонгосын эдийн засгийг хөл дээр нь босгосон бизнесийн бүлэглэлүүдийн нэг Лоттегийн үүсгэн байгуулагч Шин Кюк Хо өчигдөр 97 насандаа таалал төгсжээ.

Түүний биеийн эрүүл мэнд доройтож, Сөүлийн эмнэлэгт эмчлүүлж байсан юм. Шин нь 1960-аад оны үед дайны дараах Өмнөд Солонгосыг сэргээн босгосон “Хан мөрний гайхамшиг” гэгддэг хөгжил цэцэглэлтийг гардан байгуулсан хүмүүсийн сүүлийнх нь болж байна.

Лотте групп нь өнөөдөр Самсунг, Хьюндэй Мотор, SK, LG группүүдийн дараа Өмнөд Солонгост тавд ордог, 95 компанитай, 100 их наяд воны ($86.3 тэрбум) хөрөнгөтэй бизнесийн вант улс юм.

Өндөр насны улмаас эрүүл мэнд нь доройтсон Шин сүүлийн жилүүдэд бэлгэдлийн чанартай хүн болж хувирсан бөгөөд түүний бага хүү Шин Дон Бин өв залгамжлагчдын тулаанд ялж, 2011 оноос хойш группийг удирдаж байгаа.

Шин Кюк Хо өөрөө компанийн өмч хөрөнгийг зүй бусаар ашигласан, ойр дотны хүмүүстээ давуу эрх олгосон хэрэгт буруутгагдаж, 2017 онд болсон шүүх хурлаас дөрвөн жилийн хорих ял сонсож байв. Гэхдээ биеийн эрүүл мэнд нь муу байснаас ялыг биеэр эдлээгүй юм.

1922 оны аравдугаар сарын 4-нд Өмнөд Солонгосын Улсан хотод төрсөн Шин 1942 онд бизнесийн боломж хайн Японд цагаачилж байжээ.

Дайны дараа тэр Японд байрлаж байсан Америк цэргүүдэд бохь үйлдвэрлэн нийлүүлж амжилт олсон гэдэг. 1963 онд түүний чихрийн үйлдвэр 3,000 ажилтантай болоод байжээ. Шин 1967 онд Өмнөд Солонгост буцаж ирээд бизнесээ өргөжүүлсэн нь Лотте групп болсон байна.

Тэрээр Германы их зохиолч Йоханн Вольфганг Гётегийн “Залуу Вертерийн шаналан” нэртэй зохиолын баатар Шарлотт (Charlotte)-ын нэрний хэсгээр Лотте группээ нэрлэж байжээ.

Шин Кюк Хо жилийн хагасыг Японд, хагасыг нь Өмнөд Солонгост өнгөрөөдөг байсан юм. Тэрээр хямд хувцаслаад Лотте группийн зочид буудлууд, их дэлгүүрүүдэд очиж, үйлчилгээний чанарыг нь шалгадаг байсан гэдэг.

 

Эх сурвалж: AFP