Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Сөргөлдөгч талууд Ливид гал зогсоох тохиролцоонд хүрлээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Берлинд уулзсан Ливийн сөргөлдөгч талууд болон тэднийг дэмжигч улс орнууд гал зогсоох тохиролцоонд хүрлээ.

Ливийн Үндэсний Арми гэгч байгууллагын командлагч, фелдмаршал Халифа Хафтар өнөөдөр нийслэл Триполи хотын хаяанд тулж ирээд байгаа. Тэрээр Ливийн зүүн хэсгийг захирдаг бөгөөд Египет, Арабын Нэгдсэн Эмират улсуудын дэмжлэгийг авдаг, бас Оросын болон Африкийн улсуудын хөлсний цэргүүд тэдний талд байлдаж байна.

Нөгөө талд НҮБ-ын хүлээн зөвшөөрсөн Ливийн засгийн газар тулалдаж байгаа бөгөөд Турк улс дэмжихээр цэргээ илгээгээд байгаа юм. Мөн Туркийн талыг баримтлагч Сирийн зэвсэгт бүлэглэл Ливийн засгийн газарт туслахаар ирээд байна.

Өнгөрсөн долоо хоногт Ливийн сөргөлдөгч талууд Москва хотод гал зогсоох хэлэлцээ хийсэн ч фелдмаршал Хафтар дундаас нь орхиж явсан юм.

Тухайн үед талууд түр хугацааны гал зогсоох тохиролцоо хийгээд байсныг өчигдөр Берлинд байнгын гал зогсоох гэрээ болгон өөрчилжээ.

Сүүлийн өдрүүдэд Триполийн ойролцоо агаарын цохилт, тулалдаанууд завсарлаад байгаа ч буун дуу тасрахгүй байгаа.

Ливи улсад 2011 онд NATO-гийн дэмжлэгтэй босогчид Муаммар Каддафийн дэглэмийг түлхэн унагаснаас хойш тогтворгүй байдал үүссэн юм.

Сүүлийн таван жилийн хугацаанд тус улс зүүн, баруун хоёр хэсэгт хуваагдаж, тус тусын засгийн газартай болоод байна.

Фелдмаршал Хафтар өнгөрсөн Баасан гарагт Ливийн газрын тосны зүүн боомтуудыг хаах шийдвэр гаргасан нь тус улсын эдийн засагт хүчтэй нөлөөлөхөөр болоод байна.

Ингэснээр Ливийн газрын тосны гарц өдрийн 1.2 сая баррелаас 72,000 баррел болж буурах эрсдэл үүссэн юм.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш газрын тосны хоолойг хаасан явдалд санаа зовж байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео гал зогсоох үйл явцад ахиц дэвшил гарсныг мэдэгдээд Ливийн сөргөлдөгч талууд яриа хэлэлцээ хийсний дүнд газрын тосны нийлүүлэлт сэргэнэ гэдэгт найдаж байгаагаа мэдэгдсэн байна.

Берлинд болсон хэлэлцээрийн үеэр Ливийн засгийн газрын ерөнхий сайд Фаез Аль Сираж, фелдмаршал Халифа Хафтар нар хоорондоо уулзаагүй өнгөрсөн нь талуудын харилцаа ямар байгааг харуулжээ. Тэд тус тусдаа Германы канцлерь Ангела Меркельтэй уулзсан байна.

Ангела Меркель “Бид Ливийн бүх асуудлыг шийдэж чадаагүйгээ мэдэж байгаа. Гэхдээ шинэ эхлэл тавихыг зорьж байна” гэж уулзалтын төгсгөлд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters