Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөөр, дуугүй суусаар байх уу?

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 17
iKon.MN

ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаяр онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргээр БНСУ-д саатуулагдаж, торгуулсан нь ажлын байран дахь бэлгийн дарамтын асуудлыг олны анхаарлын төвд гаргаад буй. Уг хэргээс болж БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудад мөн асуудал тулгарах болсон талаар иргэд мэдээлэл гаргах болсон.

Тэгвэл Д.Одбаярыг цэцийн гишүүний ажлаа өгч, БНСУ-д ажиллаж буй Монгол Улсын иргэдээс уучлалт гуйхыг шаардаж байгуулагдсан "Ялгаварлалыг хариуцлагажуулъя нэгдэл"-ээс өнөөдөр Төрийн ордны иргэний танхимд "Ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөөр, дуугүй суусаар байх уу?" сэдэвт хэлэлцүүлгийн зохион байгууллаа.

 

Хэлэлцүүлэгт БНСУ, Японд суралцаж, ажиллаж байсан болон одоо амьдарч байгаа иргэд мөн хуульчид оролцож тэдгээр улсуудад эрх зүйн ямар зохицуулалтууд байдаг талаар мэдээллүүд солилцсон юм.

Хүний эрхийн үндэсний комисст 2016-2018 онд 14 иргэнээс, 2019 онд есөн иргэнээс ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн талаар гомдол иржээ. Бүх гомдлыг 25-34 насны эмэгтэйчүүд гаргасан байна.

Гомдол гаргагчдын хоёр нь ажлаас халагдсаныхаа дараа, хоёр нь албан тушаал буурны дараа, гурав нь сахилгын шийлтгэл хүлээснийхээ дараа гэх мэтээр гомдлоо гаргасан бөгөөд бэлгийн дарамт үзүүлэгчдэд төрийн байгууллагын удирдах албан тушаалтан зонхилж байгааг ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир хэлж байв.

"Спортын салбарт бэлгийн дарамтыг ялгаж танихад түвэгтэй"

Сүүлийн үед дэлхий дахинд спортын салбарынхан буюу тамирчид бэлгийн дарамтад өртсөн талаараа дугарч, мэдээлж байгаа нь анхаарал татах болсон.

Хэлэлцүүлгийн үеэр ч бас бэлгийн дарамт мөн эсэхийг ялгаж танихад түвэгтэй тохиолдол спортын салбарт гардгийг Эмэгтэй удирдагч сангийн тэргүүн М.Болормаа илтгэлдээ танилцуулсан юм.

Тэрбээр "Дасгалжуулагч тамирчинд арга техник заахын тулд зайлшгүй биед нь хүрэх шаардлагатай байдаг. Тиймээс тамирчны зүгээс биеийнх нь хаана хүрч байна, эмзэг хэсгүүдэд нь удаа дараа хүрч байна уу гэдэгт мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Нөгөө талаас дасгалжуулагч аль болох эмзэг хэсгүүдэд хүрэхгүйгээр зааж сургахад анхаарах шаардлагатай болж байгаа юм.

Мөн биед хүрэхгүй ч гэсэн үг хэлээр биеийнх нь галбирыг тодотгож ярих зэргээр дарамт үзүүлсэн тохиолдол байгаа. Тамирчин хүний амжилт тодорхой хугацаагаар хэмжигддэг учраас оргил үедээ ямар нэгэн асуудал тулгарахад, бэлгийн дарамтад өртсөн хэдий ч зорилгоо биелүүлэхийн тулд тэвчих тохиолдлууд байна. Гэтэл энэ нь цаашдаа гэр бүлийн асуудалд нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Манай байгууллагын зүгээс судалгаа, тамирчид, дасгалжуулагчидтай хийсэн уулзалтуудаасаа эмэгтэй дасгалжуулачийн тоог нэмэгдүүлэх, тамирчны жинг үзэхдээ тухайн орчинд эсрэг хүйсийн хүн байлгахгүй байх гэх мэт асуудлыг гаргаж тавьсныг Биеийн тамир спортын газраас дэмжиж, хүчин чармайлт гаргаад ажил хэрэг болгоод явж байгаа" гэдгийг хэллээ.

"ҮХЦ-ийн дарга асны холбогдсон хэрэг нийгэмд цочироо өглөө"

Гэрэл зургийг mpa.mn

Япон улсад ажлын байрны бэлгийн дарамтыг хэрхэн авч үздэг талаар тус улсад эдийн засгийн мэргэжлээр суралцаж төгсөөд, ажиллаж байгаад ирсэн Хишиг арвин индустриал ХХК-ийн дэд захирал М.Тулгат "Шинээр ажилд орж буй хүмүүс 2 долоо хоногийн сургалтад хамрагддаг. Тус сургалтын нэлээн олон цаг нь бэлгийн дарамтын тухай байдаг бөгөөд эхэндээ гайхаж байсан. Ингээд зургаан сарын дараа дахиад нөгөө сургалтдаа хамруулдаг. Өмнөх заасан зүйлээ дахиад л заана. Менежер удирдах ажилтнуудыг бол ажилласан хугацаанаас нь үл хамааран зургаан сар тутам бэлгийн дарамтын талаар сургалдаг хамруулдгийг хараад энэ асуудалд их анхаарал хандуулдаг юм байна гэж дүгнэсэн.

Төрийн байгууллага тэр дундаа Хөдөлмөрийн яам нь бэлгийн дарамт үүсгэхгүй байх нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх талаар идэхтэй ажилладаг.

Монголдоо иртэл ажлын байран дээрх эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаа их задгай, хамаагүй байгаа нь мэдрэгдсэн. Гэтэл бодит байдал дээр үүнээс үүдэлтэйгээр эмэгтэй хүмүүс сэтгэл санаагаараа хохирох, ажлаа солих гэх мэтээр хохирсоор байдаг. Тиймээс компани дээрээ бэлгийн дарамтын талаар ойлголт мэдээлэл өгөх сургалтыг зохион байгуулж байгаа ч агуулгын хувьд бүрэн санаанд хүрэхгүй л байна.

1997 оноос бэлгийн дарамтын талаар агуулгыг хуулиндаа оруулсан Япон улстай харьцуулахад манай улсад энэ талын ойлголт мэдээлэл бага байгаа. Саяхан ҮХЦ-ийн дарга асны холбогдсон хэрэг ажлын байран дахь бэлгийн дарамтын асуудлыг олны анхааралд авчирч, нийгэмд цочироо өглөө. Өнөөдөр ингээд хэлэлцүүлэг өрнөөд, асуудал байгааг ярьж байгаа нь сайн хэрэг. Үүнийг зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэж олйгохгүйгээр эрчүүд бас эхнэрээ, охидоо тайван ажил хөдөлмөр эрхлэх орчинтой байлгахын төлөө дуу хоолойгоо нэгтгэх л хэрэгтэй" хэмээн ярилаа.

Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл УИХ-аар хэлэлцэгдэж эхлээд байгаа. Уг хуульд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн тохиолдолд хариуцлага тооцох зохицуулалт орсныг хуульч Ц.Отгонтунгалаг хэлсэн юм.

Тэрбээр "Ажлын байранд бэлгийн дарамтгүй орчин бүрдүүлэх, бэлгийн дарамтыг хориглох асуудлыг байгууллага дотоод журамдаа тусгаж, ажилтнууддаа ухуулан тайлбарлахгүйгээр хуулийн хүрээнд зохицуулах боломжгүй байсныг шинэчилсэн найруулагад оруулсан.  

Үүрэгжүүлж өгсний дараа бэлгийн дарамт үйлдсэн тохиолдолд эхлээд сахилгын арга хэмжээ авах, шаардлагатай бол зөрчлийн хуулиар, цаашлаад эрүүгийн хуулиар хариуцлага тооцох эрх зүйн орчноо бүрдүүлж авах хэрэгтэй байна" хэмээн ярилаа.