Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүгийн, Хөдөлмөрийн болон Зөрчлийн хуульд ажлын байрны бэлгийн дарамтыг хориглосон заалт оруулахыг шаардав

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх иргэний нийгмийн байгууллагуудын эвслээс өнөөдөр ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох, хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагыг УИХ-ын гишүүдэд хүргүүлж, мэдээлэл хийлээ.

Тэд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Хөдөлмөрийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд ажлын байрны бэлгийн дарамтыг хориглосон зүйл заалт оруулж, хариуцлагыг оновчтой тогтоохыг шаардаж байгаа аж.

Ажлын байрны бэлгийн дарамт бол жендерт суурилсан хүчирхийллийн нэг хэлбэр

 
Гэрэл зургийг Mpa.mn

Тус эвслийн гишүүн Б.Алтанчимэг энэ талаар хэлэхдээ “Ажлын байрны бэлгийн дарамтын дуулиантай хэрэг үүссэнтэй холбоотойгоор бид энэ шаардлагыг албан ёсоор хүргүүлж байгаа юм.

Ажлын байрны бэлгийн дарамт бол жендерт суурилсан хүчирхийллийн нэг хэлбэр.

Гэвч манайхан бэлгийн дарамт үйлдсэн хүний гэр бүлийг бодож байгаа дүр үзүүлж тухайн хүчирхийлэгчийн буруу үйлдлийг хаацайлах гэж оролддог нь харамсалтай.

Учир нь ганцхан хүний хийсэн үйлдэл Монгол эрэгтэй хүн гэдэг утгаар дэлхийгээр нэг тарж, ичгүүртэй, эмзэг асуудал үүсгэж байна.

Магадгүй өнөөдөр Монгол эмэгтэйд тийм зүйл тохиолдсон бол тэрүүхэндээ дарагдаад өнгөрөх байсан байж болзошгүй. 

Монгол эсвэл Солонгос байх нь хамаагүй эрх л бол эрх. Бид эрхээ хамгаалуулах ёстой. Монгол Улс өөрөө эмэгтэйчүүдийнхээ эрхийг ханган, баталгаажуулахгүй бол охидын нэр хүнд буурч байна" гэв.

Эрүүгийн хуульд байсан Ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцсон заалтыг хүчингүй болгосон нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйл ажиллагаа болсон

 
Гэрэл зургийг Mpa.mn

Хуульч С.Дондов “Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд тодорхой үүрэг хүлээсэн орон. Энэ ч утгаараа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Ажлын байрны бэлгийн дарамтын асуудлыг хуульчилж, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах хэлбэрийг устгах зөвлөмжүүдийг удаа дараа ирүүлсэн байдаг.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар тодорхой хуулийн заалтад өөрчлөлт оруулсан хэдий ч Жендерийн эрх, тэгш байдлын тухай хуульд орсон заалтад өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээлгэх байдал нь төдийлөн тодорхой биш байна.

Мөн Эрүүгийн хуульд байсан Ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцсон заалтыг 2017 онд бүхэлд нь авч хаясан. Энэ нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйл ажиллагаа болсон гэж харж байна.

Тиймээс төр, засаг олон улсын өмнө хүлээсэн үүрэг болон охид, эмэгтэйчүүдийнхээ эрхийн хамгаалах үүрэгтээ анхааралтай хандаж хууль тогтоомжоо боловсронгуй болгох шаардлагатай байна” гэлээ.

Түүнчлэн Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад орох ажлын байрны бэлгийн дарамтын талаарх заалт тийм ч оновчтой биш байгааг тэрбээр нэмж хэлсэн юм.

УИХ-ын даргыг Солонгосын талаас уучлалт гуйгаасай гэж бодож байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

“Бэлгийн дарамт нь хувь хүний халдашгүй байдал, нэр төр, аюулгүй байдалд маш их аюул учруулдаг үзэгдэл бөгөөд хохирогч нь тэр бүр ил гарч ирдэггүй" хэмээн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуульч Н.Арвинтариа ярив.

Тэрбээр, "Өнөөдөр магадгүй МИАТ-ын онгоцны үйлчлэгчийн биед хэн нэгэн хүрсэн бол тэр хүн олон нийтэд ингэж ил гаргаж, мэдэгдэж чадахгүй. Учир нь манайд түүнийг хамгаалах хууль, эрх зүйн орчин байхгүй. 

Манай улсад хүчирхийлэгчид хариуцлага тооцох хууль, эрх зүйн орчин дутмаг байгаагаас болж бэлгийн дарамт хавтгайрч байна.

УИХ-ын даргыг би Солонгосын талаас уучлалт гуйгаасай гэж бодож байна. Ийм зүйлийг хамгаалж хаацайлж болохгүй. Үүнийг таслан зогсоох шаардлагатай” гэлээ.

Мөн хэдхэн жилийн өмнө Герман эмэгтэй Монгол Улсад аялсан тухай өөрийнхөө дурсамжид “Монголд хамгийн аймшигтай зүйл нь хүүхэд, хөгшин хүн гэлтгүй тэд миний биед зөвшөөрөлгүй, дур мэдэн хүрч байсан” гэж тэмдэглэн үлдээсэн байсан.

Одоо бид 21 дүгээр зуунд амьдарч байгаа иргэд. Ийм буруу хандлага гаргасан хүнийг ямар нэгэн байдлаар хүлээн зөвшөөрч, эсвэл зөвтгөж огт болохгүй.

Тиймээс эцэг, эхчүүд одооноос хүүхдэдээ хүний биед хамаагүй хүрч, хувийн орон зайд нь халдаж болохгүй гэдгийг ч хэлж ойлгуулах хэрэгтэй гэдгийг хэлж байв.

Ажлын байрны бэлгийн дарамт гаргахгүй байх орчныг ажил олгогч өөрөө бий болгож байх ёстой

 
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаа “Манай эвслийн 2017 онд гаргасан судалгаанаас харахад ажлын байрны бэлгийн дарамт 2004 оноос хамаагүй өссөн үзүүлэлттэй байна.

Ажлын байрны бэлгийн дарамт гаргахгүй байх орчныг ажил олгогч өөрөө бий болгож байх ёстой. Гэвч бидэнд байгаа мэдээллээр одоогийн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ тухай зүгээр нэр үг төдий оруулсан байна.

Хэрвээ Хөдөлмөрийн тухай хууль энэ хэвээрээ шинэчлэгдвэл ажлын байрны бэлгийн дарамтыг хориглосон заалт болж чадахгүй. Тиймээс тус хуулийн шинэчилсэн найруулгад ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох тухай тусдаа зүйл анги оруулахыг хүсэж байна" гэв.

Мөн тэрбээр, "Жендерийн эрх, тэгш байдлыг тухай хуулийг зөвхөн төр бариад байна. Харин Хөдөлмөрийн тухай хуульд бэлгийн дарамтыг хориглосон бүтэн зүйл оруулж өгснөөр бүх нийтээр дагаж мөрдөх маш том баримт бичиг бий болно гэсэн үг" гэдгийг нэмж хэлэв.

Шаардлага:

УИХ-ын гишүүн та:

Монгол улс нь НҮБ-ын Эмэгтэйчүүдийг Ялгаварлан Гадуурхах Бүх Хэлбэрийг Устгах Тухай Олон Улсын Гэрээгээр охид эмэгтэйчүүдийн эрхийг хангах, хамгаалах эцгийн эрхт ёс давамгайлсан эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан хэвшмэл ойлголтыг арилгах талаар тууштай арга хэмжээ авах үүрэг.

Тогтвортой хөгжлийн дэлхий дахины зорилтыг биелүүлэх, түүний дотор зорилт 5.1, 8.8-ийг хэрэгжүүлэх үүрэг амлалтыг өгсөн,

Хөдөлмөрлөх эрхийг хангаж, Ажлын байрны бэлгийн дарамтыг хуулиар хориглох тухай НҮБ-ын Нийгэм, Соёл, Эдийн засгийн Хорооноос 2015 онд хүлээн авсан зөвлөмж, НҮБ-ын Хүний Эрхийн Хорооноос 2014 онд хүлээн авсан 5.20, 5.42, 5.45 зөвлөмжүүдээр эрх зүйн орчинг бүрдүүлэх амлалт өгснийг танд сануулсан.

Монгол улсын Хүний Эрхий Үндэсний Комисс нь “2019 оны Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18-р илтгэл”-дээ улс төрийн болон үйлчилгээний алба, бизнесийн буюу хувийн хэвшлийн байгууллагад Ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн этгээдэд хэн, ямар хариуцлага хэрхэн тооцох нь тодорхойгүй, хуулийн зохицуулалтгүй байгааг УИХ-д өргөн мэдүүлж, Төрийн албаны тухай хуульд улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтныг ангилал байхгүй байгаа нь ялгаварлан гадуурхсан хэрэг тул зайлшгүй өөрчлөх шаардлагатай байгааг Танд анхааруулсан.

УИХ-ын гишүүн Та Олон улсын гэрээ Конвенц, баримт бичгүүд, Монгол улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэгтээ хариуцлагагүй хандаж ирсний улмаас охид эмэгтэйчүүд бид Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөтэй амьдрах, зохистой хөдөлмөрлөх, ялгаварлан гадуурхагдахгүй байх эрхээ эдэлж чадахгүй, ажлын байрны бэлгийн дарамтад өртөж, эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр хүнд болон эдийн засгийн хохирол амссаар байна.

Өнөөдөр гурван эмэгтэй тутмын нэг нь ажил, сургуулийн орчинд эрх мэдэл бүхий албан тушаалтан, хамтрагчдынхаа зүгээс бэлгийн дарамт шахалтад өртөж, хирогчдын 97,5 хувийг эмэгтэйчүүд, 2,5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.

Ажлын байрны бэлгийн дарамт нь:

-Хүний эрхэм чанар, нэр төрийг үл тоон үгүйсгэдэг,

-Хүний бэлгийн халдашгүй эрх чөлөөнд халддаг,

-Хүнийг хүйсээр ялгаварлан гадуурхдаг,

-Хүнд хор хөнөөл учруулж байдаг зүй бус гэмт үйлдэл учир хуулиар ХОРИГЛОХ, оновчтой ХАРИУЦЛАГА оногдуулах асуудлыг Эрүүгийн хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуульд оруулахыг Шаардаж байна.

Үүнд:

  1. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад Ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож 2015 онд оруулсан 12.4 дүгээр заалтыг сэргээх
  2. Хөдөлмөрийн тухай хуульд Ажлын байрны бэлгийн дарамтыг тусад нь зүйлчилж, хариуцлагыг оновчтой тодорхойлох
  3. Зөрчлийн тухай хуульд хариуцлагыг оновчтой тогтоох