Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Сургуулийн автобусны байршлыг мэдээлэх “UB school bus” аппликейшныг танилцууллаа

А.Намуун, iKon.mn
2020 оны 1 сарын 16
iKon.MN

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж, нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулах болон Сургуулийн автобусны “UB school bus” гар утасны аппликейшны талаар танилцуулгыг хүргэлээ.

Махны асуудлаарх ажлын танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хүргэв.

 

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/889 дүгээр захирамжаар мал, мах бэлтгэн нөөцлөх, худалдан борлуулах ажлыг жил бүр зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг гурав удаа хуралдаж, нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 20 мянган тонн мах бэлтгэн нөөцлөхөд шаардагдах хөрөнгийн талаар арилжааны банкуудтай уулзалт зохион байгуулсан байна.

Засгийн газрын 2012 оны 53 дугаар тогтоолын дагуу 2019-2020 оны хаврын хэрэгцээнд зориулан мах бэлтгэн нийлүүлэх ажлыг ХХААХҮЯ арилжааны банкаар дамжуулан аж ахуйн нэгжид зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, шаардагдах зээлийн хүүгийн зардлыг сайдын багцад тусгаж, зохион байгуулж байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хаврын улирлын махны бэлтгэн нийлүүлэлт, нөөцлөлт төлөвлөсөн дагуу хангагдаж байгаа гэж ойлголоо. Холбогдох газрууд цаашид ажлаа сайтар уялдуулж ажиллаарай” гэв. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, дараагийн хуралдаанаар дахин мэдээ мэдээллээ нэгтгэн танилцуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.

 

Дараа нь хуралдаанд Сургуулийн автобусны “UB school bus” гар утасны аппликейшны талаар танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир хийв.

“UB school bus” ухаалаг гар утасны аппликейшн нь эцэг, эхчүүдэд зориулсан сургуулийн автобусаар зорчиж буй хүүхдийнхээ байршлыг хянах, тогтоох зорилготой аппликейшн юм.

Эцэг, эхчүүд тус аппликейшныг ашиглан сургуулийн автобусаар зорчигч бага ангийн сурагчдад олгосон NFC чип бүхий бугуйвчны баар код болон хүүхдийн мэдээллийг бүртгэнэ. Ингэснээр сурагчид автобусанд суух болон буух үедээ автобусанд байрлуулсан бугуйвчийг уншигч төхөөрөмжид ойртуулан уншуулах бөгөөд эцэг, эхчүүд “UB school bus” аппликейшнээс хүүхдийн автобусны хөдөлгөөн байршлын мэдээлэл болон хүүхдийн автобуснаас бууж, суусан мэдээллийг хянах боломжтой болох аж.

Хотын Захирагч С.Амарсайхан “Сургуулийн автобусны жолооч нарыг сургалтад хамруулах нь зүйтэй. Мөн сайн ажилласан жолооч нарт урамшуулал олгох асуудлыг холбогдох газрууд судал. Эцэг, эхчүүдэд аппликейшнтэй холбоотой мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайн түгээж ажилла. Тухайн аппликейшныг цаг үетэй нь нийцүүлэн шинэчилж хэрэгжүүл” гэсэн үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс