Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

5G технологиор Хуавэйг гүйцэхийн тулд АНУ-ын засгийн газар хөрөнгө оруулна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт АНУ-ын сенатад тус улсын 5G технологийн өрсөлдөх чадварыг сайжруулах хуулийн төслийг танилцуулжээ.

Уг хууль дэмжигдвэл Хятадын Хуавэй компанитай 5G технологийн салбарт өрсөлдөхүйц компани гаргаж ирэхийн тулд Вашингтоны засаг захиргаа $1 тэрбум гаруйг зарцуулах юм байна.

Өнөөдөр мэдээллийн технологийн салбарт Хятадтай өрсөлдөхөд тулгарч байгаа нэг том бэрхшээл нь 5G технологи буюу тавдугаар үеийн харилцаа холбооны сүлжээ юм. АНУ-д энэ салбарын сайн тоглогч байхгүй. Финландын Нокиа, Шведийн Эрикссон, Өмнөд Солонгосын Самсунг энэ салбарт ажилладаг ч Хуавэй компанитай өрсөлдөж чадахгүй байгаа юм.

Энэ хоцрогдлыг арилгах зорилготой хуулийн төслийг өчигдөр Сенатад танилцуулсан юм байна.

Хэрвээ хуулийн төсөл дэмжигдвэл 5G технологийн судалгаа, хөгжүүлэлтийн ажилд Вашингтон их хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой болно.

“21 дүгээр зуунд АНУ-Хятадын харилцаа ямар байхыг шийдэх түүхэн чухал цаг үед бид ирээд байна. Тиймээс Хятадын төрийн дэмжлэгтэй харилцаа холбооны компаниуд Америкийн өрсөлдөгчдөөсөө хол түрүүлэхийг бид зөвшөөрөх ёсгүй” гэж хуулийн төслийг санаачлагч, Бүгд Найрамдах Намын сенатор Марко Рубио мэдэгджээ.

АНУ өөрийн холбоотнууддаа Хятадын Хуавэй компанитай 5G сүлжээ байгуулахад хамтран ажиллахгүй байхыг уриалж байгаа ч оронд нь санал болгох хүчтэй өрсөлдөгч олддоггүй нь бэрхшээл болж байна гэж тэр ярьсан юм.

Вашингтоны засаг захиргаа Хуавэй компанийг Хятадын засгийн газартай хамтран ажиллаж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үздэг тул хэд хэдэн хориг арга хэмжээ аваад байгаа.

Тэдгээрийн сүүлийнх нь дээр дурдсан хуулийн төсөл болж байна.

 

Эх сурвалж: Reuters