Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Орон байрны хулгай хийдэг бүлэг этгээдийн нэг нь 13 настай хүү. 60 удаагийн үйлдэл нь тогтоогдсон"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өчигдөр орон байрны хулгай хийдэг бүлэг этгээдийг илрүүлжээ. Тэдний дунд 13 настай хүүхэд оролцоотой байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүр "13 настай М гэгч бусадтай хамтран 2019 оноос эхлэн хулгайн гэмт хэрэг хийж байснаа мэдүүлсэн. 60 удаагийн үйлдэл нь урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд шалгалтын ажил үргэлжилж байна.

Сурагчдын амралт үргэлжилж буй энэ хугацаанд эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал, хяналтаа сайжруулах хэрэгтэй. 13 настай М гэгч хүү хичээлээ тарсан үедээ, эсвэл хичээлээ таслаад хулгай хийдэг гэж мэдүүлсэн" гэлээ.

Орон байрнаас хулгайлсан эд зүйлс нь ихэвчлэн бэлэн мөнгө, үнэт эдлэл, зурагт зэрэг бөгөөд тэдгээрийгээ барьцаалан зээлдүүлэх төв, зах, худалдааны төвөөр худалдаалсан гэдгээ М хүү хэллээ. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад ийн хариулав.

-Хэзээнээс эхлэн энэ замд орчихов. Хүний дарамт шахалтаар хулгай хийж байсан уу?

-2019 оноос, өөрөө хийж эхэлсэн.

-Ар гэрт нь асуудал байдаг уу?

-Ах согтуу орж ирэхээрээ намайг хөөж, хэл амаар доромжилдог.

-Хэдүүлээ амьдардаг вэ. Мөнгө олоод ирэхээр хаанаас авчирсныг чинь асуудаг уу?

-Дөрвүүлээ амьдардаг. Ажил хийгээд мөнгө олсон гэж хэлдэг. 

-Гэрт чинь хэдэн хүн ажил хийдэг вэ?

-Ах л ажил хийдэг.

-Яагаад хулгай хийх болсон бэ?

-Бэлэн мөнгөтэй болохоор нь.

-Хулгайлсан зүйлээ зарж борлуулдаг уу?

-Зах, ломбардад өөр хүмүүсээр заруулдаг.

2018 болон 2019 оны статистик үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийхэд 08:30-18:00 цагт хулгайн гэмт хэргийн ихэнх нь үйлдэгдсэн байна хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Мөн 2019 онд орон гэрт нь хулгай орж, хэрэгтнүүд тогтоогдоогүй бол цагдаагийн байгууллагад хандаж, шалгуулахыг хүслээ.