Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Утаанд хордсон тамирчин “Australian Open” тэмцээнийг орхижээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Утаанд хордсон тамирчин “Australian Open” тэмцээнийг орхижээ
Sara, ikon.mn - text to speech

Австрали улсад ойн түймрийн гамшиг үргэлжилж байгаа билээ. Тэгвэл түймрийн хор уршиг анх удаа спортын уралдаан тэмцээнд нөлөөлжээ.

Мелбурн хотод зохион байгуулагдаж байгаа “Australian Open” газрын теннисний тэмцээнд оролцогч тамирчин өчигдөр утаанд хордсоны улмаас тоглолтоо үргэлжлүүлэх боломжгүй болсон байна.

Словени улсын тамирчин Далила Якупович хасагдах шатны тоглолтоо Швейцарийн Стефани Вогелтэй хийж байгаад дундаас нь орхижээ.

Тэрээр тоглолтын дундуур талбайн захад суугаад ханиалгаж эхэлсэн байна. Сүүлдээ тэр дасгалжуулагч, албаны хүмүүсийн хамт талбайгаас явж, тоглолтоо дуусгажээ.

“Ухаан алдан унаж магадгүй болсон тул би талбайн захад очиж суусан. Алхах ч тэнхэлгүй болоод байв. Надад амьсгалын замын ямар ч өвчин эмгэг байхгүй. Гэвч амьсгалах боломжгүй болсон тул тэмцээнийг орхихоос өөр аргагүй болсон” гэж Якупович хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Өчигдөр өглөө Мелбурнд агаарын чанар муу байснаас “Australian Open” тэмцээнд оролцогчдын бэлтгэлийг цуцалж байсан юм. Дараа нь нөхцөл байдал дээрдсэн гэж үзээд тэмцээнийг үргэлжлүүлжээ.

Мягмар гарагт тус хотын агаарын чанар зөвшөөрөгдөх хэмжээнээс 20 дахин муу байсныг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Гэхдээ зохион байгуулагчид тэмцээнийг цааш үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Мелбурн хот нь түймэрт хамгийн их өртөөд байгаа Австралийн мужуудын нэг Викториад оршдог юм.

 

Эх сурвалж: Mashable