Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Нисэх онгоц шатахуунаа сургуулийн хүүхдүүдийн дээрээс асгасан хэрэг Лос Анжелест гарчээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Лос Анжелес хотын олон улсын нисэх буудлаас Шанхайн чиглэлд хөөрсөн Delta компанийн онгоц техникийн асуудалтай тулгарснаас буцаж газардсан байна.

Ингэхдээ дүрмийн дагуу жингээ багасгахын тулд шатахуунаа агаарт асгажээ. Шатахууныг аль болох хүн ам сийрэг хэсэгт асгах ёстой бөгөөд газарт хүрэхээсээ өмнө агаарт замхардаг юм байна.

Гэтэл өчигдрийн тохиолдолд онгоцны шатахуун газарт хүрсэн төдийгүй нэгэн дунд сургуулийн хашаанд асгарчээ.

Энэ үеэр хашаанд хүүхдүүд тоглож байсан бөгөөд нийт 17 сурагч болон есөн насанд хүрэгчийн дээрээс шатахуун асгарснаас зарим нь хөнгөн гэмтсэн байна.

Лос Анжелес хотын гал сөнөөгчид, түргэн тусламжийнхан шатахуун асгарсан газарт очиж, хохирогсдыг эмчлэх, цэвэрлэх арга хэмжээ авжээ. Хохирсон хүмүүсийн арьс улайж, загатнах шинж илэрсэн байна.

Шатахуунаар “бороо орох” үед сургуулийн хашаанд хоёр ангийн хүүхдүүд тоглож байжээ.

Асгасан шатахуун яагаад газарт хүрсэн нь тодорхойгүй байгаа гэнэ. Тухайн үед Delta компанийн Boeing 777-200 нисэх онгоц сургуулийн дээр 700 гаруй метрийн өндөрт нисэж байжээ.

Онгоц хөөрөөд удаагүй байх үед нэг хөдөлгүүрт нь асуудал гарснаас ослын буулт хийсэн тухай Delta компани мэдээлсэн байна. Онгоц газардахдаа нислэгийн тогтсон журмын дагуу арга хэмжээ авсныг бас дурджээ. АНУ-ын Холбооны Нислэгийг Удирдах Газар (FAA) асгасан шатахуун яагаад газарт хүрснийг мөрдөн шалгаж эхэлснээ мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider