Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын ханхүү Өмнөд Солонгосын BTS хамтлагийг нутагтаа урьж тоглуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Саудын Арабын ханхүү Өмнөд Солонгосын BTS хамтлагийг нутагтаа урьж тоглуулжээ
Sara, ikon.mn - text to speech

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин өчигдөр тус улсын урлаг соёлын оддын шинэ жилийн арга хэмжээнд оролцжээ.

Энэ үеэр тэр Өмнөд Солонгосын соёл урлаг гадаад ертөнцөд хэрхэн амжилттай тархаж байгаа талаар зарим сонирхолтой баримтуудыг уран бүтээлчдэд ярьж сонирхуулсан байна.

Тухайлбал Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү, тус улсын дефакто удирдагч гэгддэг Мохаммед Бин Салман BTS хамтлагийг нутагтаа тоглуулахаар дахин дахин урьсны үр дүнд Исламын шашны хатуу дэг жаягтай улсын нийслэлд өнгөрсөн оны аравдугаар сард тоглолт нь болж байсныг ярьжээ.

“Энэ бол K-pop урлагийг Саудын Арабт хэрхэн хүлээж авч буйг харуулсан явдал юм” гэж Мүүн Жэ Ин ярьжээ.

Үүнээс гадна тэр саяхан Алтан Бөмбөрцөг наадмын гадаад хэл дээрх киноны шагналыг хүртсэн найруулагч Бон Жүн Хогийн “Parasite” киноны уран бүтээлчдэд баяр хүргэсэн байна. “Каннын кино наадмаас шагнал хүртсэний дараа Алтан Бөмбөрцөг наадмын шагналыг хүртсэн нь Солонгосын кино урлагийн ойрын 100 жилийн чансааг харуулсан хэрэг боллоо” гэж Мүүн Жэ Ин бахархан ярьжээ.

Үүнээс гадна тэрээр Азийн орнуудын удирдагчид Өмнөд Солонгосын орчин үеийн урлагт хэрхэн татагддагийг жишээ татан сонирхуулсан байна.

Тухайлбал Тайландын ерөнхий сайд Прают Чан О Ча ажлаа тараад Өмнөд Солонгосын телевизийн цувралыг байнга үздэг тухайгаа Мүүн Жэ Интэй уулзахдаа ярьсан гэнэ.

Зурагтаар Өмнөд Солонгосын цуврал гарах үеэр хотын хөл хөдөлгөөнтэй замууд эзгүйрдэг тухай Вьетнамын ерөнхий сайд түүнд бас сонирхуулан ярьж байжээ.

Мүүн Жэ Ин өчигдрийн арга хэмжээний үеэр урлаг соёлынхныг улс төрийн үзэл бодлоор нь ялгаж, хар жагсаалтад оруулдаг байсан өмнөх ерөнхийлөгч Пак Гын Хэгийн засаг захиргааны алдаа завхарлыг дахин давтахгүй гэдгээ уран бүтээлчдэд амласан байна.

 

Эх сурвалж: Korea Times