Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс Монгол Улсад авлигыг бууруулах шийдлүүдийг танилцууллаа

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Авлигыг бууруулах шийдлийг "Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс боловсруулжээ. Энэхүү шийдлээ улс төрийн бүх намд хүргүүлж байгаа талаараа тэд өнөөдөр мэдээлэл хийв 

Тус хөдөлгөөний удирдагч Б.Мөнхцэлмэг "Олон улсын байгууллагуудын өгсөн зөвлөмж, дүгнэлтэд манай улсад тулгамдсан асуудал нь төр хувийн хэвшилд хүнд суртал үзүүлж, авлигын эрсдлийг нэмэгдүүлж байгааг дурдсан байдаг.

Оны өмнөхөн Авлигатай тэмцэх газраас хийсэн мэдээлэлд авлигын улмаас учирсан хохирол нь 11.9 их наяд төгрөг байна гэсэн. Энэ бол зөвхөн илэрсэн дүн. Цаана нь илрээгүй тохиолдлууд ч бий бөгөөд авлига нь бидний өчнөөн боломжийг хулгайлж байна" гэлээ.

Түүнчлэн төр засгаас бодитой шийдлийг гаргахгүй байгааг "Бид уучлахгүй" хөдөлгөөнийхөн шүүмжилж байв. Үүний зэрэгцээ хувийн хэвшил ч авлигын эсрэг санаачилга гаргахгүй байгаа тухай холбогдох газруудын судалгааны дүн гарчээ. 

"Transparency international" байгууллагаас гаргасан авлигын барометрийн судалгаанд нийт монголчуудын 49 хувь нь авлигатай тэмцээд ямар ч үр дүнд хүрэхгүй гэж дүгнэсэн. Ийнхүү иргэдийн алдагдсан итгэл үнэмшлийг сэргээхийн тулд авлигыг бууруулах шийдлийг бүх улс төрийн намд хүргүүлж байгаагаа "Бид уучлахгүй" хөдөлгөөний удирдагч Б.Мөнхцэлмэг хэллээ.

"АТГ-т ажлаа хийх боломжийг нь олгоё"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Тэрбээр авлигыг бууруулах шийдлийг дараах байдлаар томъёоллоо.

1.Авлигатай тэмцэх газрыг хүчтэй болгох. Тухайлбал, Авлигатай тэмцэх газар нь УИХ-ын гишүүдийг шалгах ёстой гол байгууллага атал төсвөө "гуйдаг" болсон хэмээн Б.Мөнхцэлмэг хэлсэн юм. Мөн УИХ-аас зөвшөөрөл авч бүтэц, орон тоогоо батлуулдаг, Хөрөнгө орлогын мэдүүлэг болон Ашиг сонирхлын мэдүүлгийг шалгах эрх байхгүй учир хуульд өөрчлөлт оруулж, АТГ-т ажлаа хийх боломжийг олгох хэрэгтэй гэж үзэж буй юм. 

2.Ил тод байдлыг бий болгох. УИХ-ын гишүүд болон нийтийн албан тушаалтны нэгдмэл сонирхолтой болон хамаарал бүхий этгээдүүдийн нэгдсэн мэдээлэлтэй болох нь зөв.

3.Цахимжуулах. Цахим гарын үсэг ашиглан иргэд асуудлыг дэвшүүлж, түүнд хэр олон иргэн нэгдсэнээс хамаарч, шат шатандаа хэлэлцдэг туршлага олон улсад бий. Үүнийг нэвтрүүлэх саналаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Хууль зүйн байнгын хороонд өргөн барьсан ч эрх баригчид "дүлий" байна хэмээв. 

Мэдээллийн төгсгөлд, Монгол Улс залуучуудын хөгжлийн индекс, улс төр нийгмийн оролцоогоороо 0.2 оноотой буюу дэлхийн дунджаас доогуур байгааг тэд дурдан, өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудал болоод буй авлига, албан тушаалтны гэмт хэрэгтэй тэмцэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм болон залуус нэгдсэн бодлоготойгоор эсэргүүцэж, шийдлээ хэлэлцэхийг уриалав.