Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ираныг дахин сүрдүүлсэн Дональд Трамп өөрийн холбоотон Иракийг бас сүрдүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Ираныг дахин сүрдүүлсэн Дональд Трамп өөрийн холбоотон Иракийг бас сүрдүүлжээ
Sara, ikon.mn - text to speech

Өчигдөр буюу Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэрвээ Ираны зүгээс ямар нэг “өш хонзон” авах алхам хийвэл хариуд нь хатуу шийтгэл оноохоо дахин илэрхийлсэн байна.

Үүнээс гадна тэр өөрийн холбоотон Иракийг нутаг дэвсгэрээсээ АНУ-ын цэргийг гаргавал эдийн засгийн хатуу хоригоор шийтгэнэ гэж сүрдүүлжээ.

Өнгөрсөн Баасан гарагт Трампын тушаалаар Ираны нөлөө бүхий генерал Кассем Солейманигийн амийг хөнөөсөн нь Ойрх Дорнодын бүс нутгийн нөхцөл байдлыг муутгаад байгаа.

Ираны зүгээс хариу халдлага үйлдвэл тус улсын 52 чухал цэгт цохилт өгнө гэж Трамп өмнө нь сүрдүүлж байсан юм. Эдгээр цэгүүдэд Юнескод бүртгэлтэй Ираны түүх соёлын дурсгалууд багтаж байгаа.

Хэрвээ түүхийн дурсгалуудыг сүйтгэвэл энэ нь олон улсын хууль дүрмийг зөрчсөн дайны гэмт хэрэгт тооцогдоно гэдгийг шүүмжлэгчид анхааруулсан юм.

Харин өчигдөр хэлсэн үгэндээ Трамп энэ санаагаа дахин давтсан байна. “Тэд манай хүмүүсийг алж, бөмбөг дэлбэлж болдог юм бол бид яагаад тэдний соёлын дурсгалуудыг устгаж болохгүй гэж? Ингэвэл илүү үр дүнтэй гэж би бодож байна” гэж Трамп мэдэгджээ.

Үүнээс гадна тэр Иракт байрлаж буй 5,200 цэргийг нь газар нутгаасаа гаргахаар Багдадын эрх баригчид шийдвэл эдийн засгийн хатуу шийтгэл оноохыг анхааруулсан юм.

Ираны генералын амийг хөнөөсөн явдалд Иракийн иргэдийн зарим хэсэг дургүй байгаа. Ням гарагт Иракийн парламент газар нутагтаа гадаадын цэргийг байрлуулахгүй байх санаачилгыг дэмжиж, засгийн газартаа чиглэл өгсөн юм.

Ираны генералын амийг хөнөөсөн халдлагыг “улс төрийн аллага” гэж нэрлэж байсан Иракийн ерөнхий сайд Адел Абдел Махди дээрх шийдвэрийг гаргах магадлалтай байгаа.

Энэ талаар ярихдаа Трамп “Хэрвээ тэд биднийг явахыг хүсвэл төсөөлж байгаагүй хатуу эдийн засгийн шийтгэл амсах болно. Одоо Иранд тавиад байгаа эдийн засгийн хориг үүний хажууд юу ч биш. Ирак дахь манай цэргийн баазын зардал маш өндөр. Үүнийг Иракийн тал буцааж төлөх хүртэл бид гарахгүй” гэж Трамп хэлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудал (импичмэнт) ид хэлэлцэгдэж буй үед Ирантай холбоотой хямрал үүсээд байна.

АНУ-ын төлөөлөгчдийн танхим албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, конгрессын үйл ажиллагаанд саад хийсэн гэх хоёр зүйлээр Трампыг буруутгаад байгаа. Харин одоо Бүгд Найрамдахчууд олонх болдог Сенатын танхим Трампыг хэзээ, хэрхэн шүүх талаар шийдвэрээ гаргах юм.

 

Эх сурвалж: AFP