Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Жолоочид нь мэдэгдэлгүй машин ачдаг байдлыг зогсоо гэв

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Жолоочид нь мэдэгдэлгүй машин ачдаг байдлыг зогсоо гэв
Sara, ikon.mn - text to speech

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч зарим албан тушаалтанд үүрэг өглөө.

Тэрбээр "2020 оноос эхлэн төрийн албан хаагчдын илүү цагийн болон бусад нэмэгдэл олгох журам хэрэгжихээр болсон. Үүнтэй холбоотойгоор ажлын үр дүнг нь харгалзан үзнэ. Ажил хийсэн бол нэмэгдэл урамшуулал авдаг, ажлаа цалгардуулсан бол хариуцлага тооцдог байна. Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын хүрээнд нийслэлийн тооллогын комиссын гишүүд хариуцан ажиллах ажил үүргийн хуваарийн дагуу тооллогын ажилд идэвхи санаачлагатай оролцож ажиллах хэрэгтэй.

Мөн нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудад Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, нийгмийн хариуцлагатай иргэн болох, хотын соёлыг түгээх чиглэлээр өглөө болгон 10 минутын хичээл оруулах ажлыг зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Боловсролын газар, дүүргүүдэд үүрэг болгов.

Түүнчлэн “Автомашин хэрэглэгчдийн даатгалын үйл ажиллагааг сайжруулах, хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулаагүй бол асуудлыг нь даатгалаар түргэн шуурхай шийддэг хэлбэрийг тодорхой болгох, хариуцлагагүй жолооч нарын буруутайгаас болж, замд “зохиомол” түгжрэл үүсдэг байдлыг өнөөдрөөс эхлэн таслан зогсоо. Жолооч бүр гар утастай, гар утсаараа ослын зургаа дараад, түүнийг нь замын цагдаа, даатгалын компаниуд эх сурвалжаа болгодог байдлыг хэвшүүлж, нэн даруй зам чөлөөлөх ажлыг зохион байгуулдаг байх шаардлагатай.

Автомашин ачдаг компаниудын үйл ажиллагааг цэгцэл. Мэдээж зогсох ёсгүй газар зогссон бол ачих нь зөв. Гэхдээ жолоочид мэдэгдэлгүйгээр журмын заалтыг хэрэгжүүлэхгүйгээр шууд ачаад явдаг байдлыг зогсоо. Цагдаагийн албан хаагчид энд тавих хяналтаа дээшлүүл. Зарим иргэдээс цагдаагийн ажилтан, албан хаагчид ачилтын ажилд хамтарч оролцож байна гэсэн гомдол, санал ирдэг. Энэ асуудалд холбогдох газрууд хяналтаа тавьж, дахин ийм асуудал гаргахгүй байхад анхаарч ажилла” гэв.

Өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг холбогдох нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудыг хангаж ажиллахыг онцгойлон анхааруулсан юм.