Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Гантуяа: Манай хүүхдүүд өвлийн өвөө байдаг гэдэгт итгэж өсдөг

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 30
Сурталчилгаа

Шинэ жилийн баярын өдөр гэр бүлийн дурсамж, хайр, үнэ цэнийг тодотгосон “Жорын 6 асуулт” ярилцлагыг танд хүргэж байна. Баярын тусгай дугаарт Монголын үлгэр жишээ гэр бүлийн төлөөлөл УДЭТ-ын найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатарын гэр бүлтэй ярилцлаа. Энэхүү цуврал ярилцлагыг танд Юнивишнийн “Жаргалтай гэр бүлийн жор” төслийн хүрээнд бэлтгэн хүргэж байна. 

 

ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ЖОР: Сайн байцгаана уу, юуны өмнө Юнивишнээс санаачлан хэрэгжүүлж буй “Жаргалтай гэр бүлийн жор” төсөлд оролцож, гэр бүлүүддээ гэр бүлийн жороо хуваалцаж байгаад талархаж байгаагаа илэрхийлье. Ингээд хамгийн эхний асуулт бол Та 2 гэр бүл болоод хэдэн жил болж байна вэ? Энэ хугацаанд олон сайхан дурсамж бүтээснээс хамгийн гоё дурсамжаасаа хуваалцвал?

Н.НАРАНБААТАР: Бид хоёр 22 жил тоонот гэрт толгой холбосон байна. Бид хоёр анхнаасаа их хурдан ойлголцсон л доо. 3 сарын дотор л нэг нэгэндээ итгээд, бүрэн ойлголцсон байсан. Бид хоёр танилцаад удаагүй байхдаа Туяагийн ажлынхантай хамт аялалд явсан юм. Тэр үед өөрсдийнхөө жижиг ногоон майхнаа бариад, өөрсдөө хоолоо хийж идээд, хамгийн анхны, маш их дурсамж дүүрэн аялал байсан. Эргээд бодоход бараг л бал сар шиг. Хүн ер нь хайртай хүнтэйгээ байхад бороотой, шороотой, шавартай хамаагүй аз жаргалтай л байдаг.

 

ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ЖОР: Танай гэр бүлд тулгарч байсан хамгийн том сорил, саад бэрхшээл юу байсан бэ? Үүнийг хэрхэн даван туулсан бэ?

ГЭРГИЙ ГАНТУЯА: Гэр бүлд хамгийн хэцүү зүйл өвчин. Хүүхдүүд бага байхдаа их өвчлөмтгий байдаг. Манай хүүхдүүд бага байхдаа ойр ойрхон өвдөөд, ларангит болдог байсан. Тийм болохоор би эмч нарыг их шүтдэг, эмч нарт их талархаж явдаг. Бас нэг хүнд хэцүү байсан зүйл бол манай Паараа харвалт өгөөд эмнэлэгт хэвтсэн юм. Тэр үед бид нар бүгдээрээ, хүүхдүүд маань аавдаа бүгд санаа зовоод маш хэцүү байсан. Ер нь хүнд өвчин зовлон л биш бол бусад зүйлийг даваад л гардаг.

 

ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ЖОР: Гэр бүлдээ хэрхэн чанартай цаг гаргадаг вэ? Хүүхэд хүмүүжүүлэхдээ баримталдаг гол зарчим юу вэ? Хамгийн гол нь юуг мартаж болохгүй вэ?

ГЭРГИЙ ГАНТУЯА: Хамгийн гол зарчим гэвэл би ер нь өөрөө мэд л гэж хэлдэг. Хүүхдүүд хоорондоо маргалдахад хэн нэгнийх нь талд ороод байдаггүй. Хэрвээ оролцвол хэний ч зөв биш, бүгдийнх нь буруу болгодог. Хүн өөрөө бие даан шийдвэр гаргаж, өөрөө хариуцлага хүлээж сурах хэрэгтэй гэж боддог. Тийм болохоор хүүхдүүд жижиг зүйлийг өөрөө шийдээсэй гэж хүсдэг.

ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ЖОР: Танай гэр бүлд ямар уламжлал байдаг вэ? Тэмдэглэлт баяр, амралтын өдрүүдийг хэрхэн гэр бүлээрээ өнгөрүүлдэг вэ?

Н.НАРАНБААТАР: Манайх зун бүр машиндаа чихэж аваад хөдөө гараад давхичихдаг. Хүн хамгийн эхэнд Монголынхоо, эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх хэрэгтэй. Тэгж байж эх орныхоо гоо сайхан, үнэ цэнийг мэдэрнэ. Мэдээж хажуугаар нь Дэлхийн өндөр хөгжилтэй улс орныг таньж мэдэх нь чухал. Бид хоёр өнгөрсөн жил гэхэд гурван том хүүхэдтэйгээ Америкаар аялаад ирсэн. 3 багыгаа аваад бүгдээрээ аялдаг байж гэж их бодсон. Ер нь аялалд хэнийг ч үлдээхгүй, бүгд хамт л явах ёстой юм билээ. Манай гэр бүлийн нэг уламжлал бол яах аргагүй аялал.

 

ГЭРГИЙ ГАНТУЯА: Манайд шинэ жилийн баяр их өргөн хүрээтэй болдог. 2 хүүхдийн маань төрсөн өдөр шинэ жилийн баяртай их ойрхон болдог болохоор шат дараатайгаар их өргөн хүрээнд тэмдэглэдэг. Сүүлийн 2 жил бага охин санаачлаад шинэ жилээр 8-уулаа монита зохион байгуулдаг болоод байгаа. Хүүхдүүд хэн намайг сугалсан бол гэж их хүлээдэг, их догдолдог юм байна. Бас хүүхдүүд яг л хүүхдээрээ байгаасай, хүүхэд насны дурсамж нь гоё үлдээсэй гэж хүсдэг. Тийм ч болохоор өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэхгүй болох хүртэл, том болтол нь итгүүлэхийг хүсдэг. Хүүхдүүд ер нь 9, 10 нас хүртлээ өвлийн өвгөнд итгээд, аяндаа ойлгоод ирдэг. Нэг удаа хүү маань өвлийн өвгөн хүлээж цонхоор дээшээ харж зогсож байгаад гэнэт ээжээ ээжээ “Өвлийн өвөө чинь таксигаар ирдэг юм байна шдээ” гэж хэлсэн. Тэгээд тэр үед тайлбарлаад дүү нартаа битгий хэлээрэй, дүү нь ид шидэнд итгэдэг хэвээрээ байгаа гэж тайлбарласан. Тэгэхээр хүүхэд бол хүүхдээрээ, хүүхдийн итгэл үнэмшилтэй байгаасай гэж хүсдэг.  

Цагаан сарын хувьд манайх гэр бүлээрээ битүүний орой алаг мэлхий тоглож, ирэх жилийнхээ аз ёндоогоо үздэг. Баяруудыг утга учрын хувьд утга төгөлдөр, хүүхдүүддээ дурсамжтай байх талаас нь бодож, уламжлал болгон тэмдэглэдэг.

ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ЖОР: Та өөрийн гэр бүлдээ хэрэгжүүлсэн эсвэл бусад гэр бүлийг заавал хэрэгжүүлээсэй гэж хүсдэг зүйл бий юу?

Н.НАРАНБААТАР: Хүн 40 гараад ирэхээр амьдралд бүх зүйл нэг хэвийн болоод ирдэг юм шиг байгаан. Хос хоёр хүртэл зан зангаа мэдээд, харилцаа тогтворжоод ирдэг. Яг энэ үед шинэ хүүхдээ өлгийдөн авбал гэр бүлд шинэ уур амьсгал, шинэ өнгө нэмдэг юм билээ. Ядаж байхад манай бага надтай увиагүй адилханыг хэлэх үү, улам л эрхлүүлээд, улам л хайрлаад байдаг. Орой эхнэр лүүгээ залгаад хүүхэд битгий унтуулаарай, би гялс харьлаа гээд л яарч байгаа юм. Бас нэг зүйл гэвэл аав хүн охиноо төрөхөд дэргэд нь, нөхөр хүн эхнэрээ төрөхөд дэргэд нь байх ёстой юм байна гэж бодсон. Би “Танихгүй эмэгтэйн захидал” киноны үеэр төрж байгаа ээжийн дэргэд байсан л даа. Гэхдээ хүн чинь гэргийгээ төрөхөд нэгэн биенийх нь тал болохоор их өөр мэдрэмж төрдөг юм билээ. Ханийнхаа дэргэд зогсоод яг тэр мөчид эжий болоход ямар их өвдөлт, тэсвэр тэвчээрийг давж гардаг вэ гэдгийг мэдэрсэн. Ээж минь биднийг ингэж төрүүлсэн байхдаа гэж өнгөрсөн цаг дээр бодсон. Охид минь ингэж л үхэл амьдралын заагийг давж эжий болох байхдаа гэж санаа зовж ирээдүйг бодсон. Аавууд охиноо төрөхөд “за яаж байна миний охин” гээд утсаар ярих биш хажууд нь хамт байж нөмөр болох ёстой гэж бодогдсон.

 

ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ЖОР: Та гэр бүл жаргалтай байх жорыг юу гэж боддог вэ? Танай гэр бүлийн жаргалтай байх жор юу вэ?

Н.НАРАНБААТАР: Зовлонгийн тухай ойлголт байхгүй бол бид жаргалын тухай мэдэхгүй. Сүүдэр гэж байхгүй бол гэрлийг, хар гэж байхгүй бол цагааныг мэдэхгүй. Тэгэхээр амьдрал бол аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос биш тэр чигтээ аз жаргал биш. Гэр бүл гэдэг айл гэр болж тоглохын нэр биш. Харин тулгуур 2 багана нь нэгэн цул болоод, нэгэн зүгт харахыг хэлнэ. Бид хоёр ирээдүйнхээ тухай зураглалаа ярьж, баяжуулж, төлөвлөсөн. Тэгээд бас хүүхдүүдээ ярьж өгдөг. Гэр бүлийн гишүүн бүр нэгэн зүгт харж, бие биедээ итгэж байж, гэр бүлийн мод үр жимстэй саглагар царс мод болно. Бусад гэр бүлүүдийг ч нэгэн зүгт харсан нэг том зурагтай болоосой гэж хүсдэг. Энэ зураглалдаа хүрэх замд тохиолдож байгаа баяр жаргал бүрийг л жаргалтай гэр бүлийн жор гэж хэлэх байх.

ГЭРГИЙ ГАНТУЯА: Манай гэр бүл хүүхдүүдээ хүүхэд насандаа өвлийн өвгөнд итгэдэг, хүүхэд зангаараа, гэгээн дурсамж дүүрэн байлгахыг их хичээдэг. Жаргалтай гэр бүлийн жор бол хүүхдүүддээ л хүүхэд насны гоё дурсамж бүтээх.

 

ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ЖОР: Баярлалаа, танай гэр бүл аз жаргалын жороо улам баяжуулж, дурсамжийн номоо улам зузаан болгоорой гэж хүсэж байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.