Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны илгээсэн ямар ч бэлгийг хүлээж авахад бэлэн байгаагаа Дональд Трамп мэдэгдэв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн яриа хэлэлцээнд эргэлт гаргах ямар нэг буулт хийхийг АНУ-ын засаг захиргаанд уриалж, энэ оныг дуустал хариу хүлээхээ мэдэгдэж байв.

Тэрээр Зул сарын баярын өдөр Пёньянаас ямар гэнэтийн бэлэг хүлээж авах нь Вашингтоноос өөрөөс нь хамаарна гэж анхааруулсан юм. АНУ-ын зэвсэгт хүчнийхэн Ким Жон Уныг алсын тусгалын баллистик пуужингийн туршилтыг арванхоёрдугаар сарын 25-ны өдөр хийж магадгүй хэмээн анхааралтай ажиглаж байна.

Умард Солонгосын дэглэм 2017 оноос хойш ийм төрлийн зэвсэг туршаагүй байгаа юм.

Харин өчигдөр сэтгүүлчидтэй уулзсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ талаар байр сууриа илэрхийлжээ.

“Ямар гэнэтийн бэлэг ирэхийг бид анхааралтай ажиглаж байна. Ямар ч бэлэг ирсэн бид учрыг нь олж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Юу болохыг харцгаая. Сайхан бэлэг ч ирэх юм билүү. Пуужин туршихын оронд надад гоёмсог ваар илгээж ч магадгүй шүү дээ” гэж тэр хошигносон байна.

Трампын гэр бүл Зул сарын баярыг Флорида дахь эдлэндээ өнгөрүүлэх ажээ.

Умард Солонгосын дэглэмийн гол дэмжигч Хятад улс өчигдөр талуудыг харилцан буулт хийж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлд бодит алхам хийхийг уриалсан байна.

 

Эх сурвалж: Reuters