Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол наадам цогцолборын бүтээн байгуулалт эхэлчихвэл Улаанбаатарын дагуул хот болох бүрэн боломжтой"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

 “Монгол наадам цогцолбор” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Хангарди ордонд боллоо.

"Монгол наадам цогцолбор" нь 2013 онд байгуулагдсан, Хүй долоо худагт үйл ажиллагаа явуулдаг байгууллага ​бөгөөд тус газрыг үндэсний спорт, соёл урлаг, Аялал жуулчлалын төв байгуулах зорилготой билээ. 

“2015 онд “Монгол наадам цогцолбор”-ыг хөгжүүлэх зорилгоор 12,582 га газрыг Засгийн газрын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг. Энэ хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын хэсэгчилсэн төлөвлөгөөг нийслэл боловсруулж, Засгийн газар баталсан юм.

Гэвч Засгийн газрын тогтоолоор тусгай хэрэгцээнд авахдаа тухайн орон нутгийн саналыг аваагүйгээс болж, давхардуулан газар олгосон зөрчил зэргийн газрын маргаан үүссэн. Уг маргаан үндсэндээ гурван жил үргэлжилсэн юм. Үүнийг нийслэл, аймгийн түвшинд шийдвэрлэхээр ажлын хэсэг гарч 15 удаа хуралдаад, тухайн орон нутгийн удирдлагуудтай тохиролцож эцсийн байдлаар газрын асуудлаа шийдсэн. Ингээд ИТХ-аар орж батлуулж, БХБЯ-аар дамжуулан Засгийн газрын тогтоолын нэмэлт өөрчлөлтийг хийх гэж байгаа" гэдгийг "Монгол наадам цогцолбор" ОНӨТҮГ-ын дарга Д.Хатанбаатар хэлэлцүүлгийн үеэр онцлов.

Цогцолборын бүтээн байгуулалтын тухайд:

  • 30,000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн- Монголчууд үндэсний их баяр наадмаа нэг дор үзэх, олон улсын спортын уралдаан тэмцээн, зохион байгуулах томоохон суурь бааз.
  • Морь барианы задгай асар – 10,000 хүний суудалтай тус задгай асар баригдсанаар Монголчууд хурдан морины уралдааны бариаг тав тухтай, аюулгүй орчинд үзэх, мөн шулуун замын спортын уралдаан тэмцээнийг үзэх боломжтой.
  • Сур харвааны задгай асар- үндэсний уламжлалт сурын харваа тэмцээнийг өргөн хүрээнд үзэх боломж бүрдэнэ. Мөн үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх сургалтын төв бааз болно.
  • Шагайн харвааны битүү асар- шагайн харвааны тэмцээн өргөн хүрээнд зохион байгуулагдаж, жилийн дөрвөн улиралд бусад спортын тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой.
  • Морин тойруулга- олон улсын спортод нийцсэн морин тойруулгын уралдаан зохион байгуулна.
"Тусгай хэрэгцээний газар нь зөвхөн бүтээн байгуулалтад зориулагдан төлөвлөгөөнийхөө дагуу ашиглагддагаараа онцлогтой"
 
гэрэл зургийг mpa.mn

Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дарга Д.Хатанбаатар “Цаашид “Монгол наадам цогцолбор” эрийн гурван наадам, Монголын соёл урлаг, спортын томоохон төв болно гэж тооцоод үйл ажиллагаагаа эхлүүлэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг хийгээд, батлах шатандаа явж байна. Мөн аялал жуулчлалыг дагасан олон том томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ерөнхий төлөвлөгөөндөө оруулсан байгаа.

Бүтээн байгуулалтын ажлууд санхүүгийн асуудлаас болоод орхигдсон. Хэрвээ энэ санхүүгийн асуудлаа төр, хувийн хэвшилтэйгээ хамтраад шийдэж чадвал 2030 онд бид Ази төдийгүй олон улсын чанартай тэмцээн, уралдааныг зохион байгуулах бүрэн боломжтой болно. 

Түүнчлэн Цэнгэлдэх хүрээлэнгийн асуудал нь манай тодотголд багтсан явж байгаа бөгөөд бие даасан дэд бүтэцтэйгээр бид цэнгэлдэх хүрээлэнгээ байгуулна гэж төлөвлөсөн. Одоо дэд бүтцийн асуудал шийдэгдчихвэл бие даасан барилга байгууламжийн асуудал яригдана. Сүүлийн гурав, дөрвөн жилийн хугацаанд бодитой хөрөнгө оруулалт ороогүй. Анх байгуулахдаа 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон бөгөөд 61-н гарам, эко автобус, авто зам, машины зогсоол гээд тоймтой хэдэн зүйл дээр зарцуулагдсан.

Одоо томоохон бүтээн байгуулалт эхэлчихвэл Улаанбаатар хотыг дагасан дагуул хот болох бүрэн боломжтой. Тусгай хэрэгцээний газар нь зөвхөн бүтээн байгуулалтад зориулагдан төлөвлөгөөнийхөө дагуу ашиглагддагаараа онцлогтой” гэв.