Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Даваасүрэн: Дэд станциуд ухаалаг болох шаардлагад үндэслэн “WAMS” системийг нэвтрүүллээ

Г.Номин, iKon.mn
2019 оны 12 сарын 23
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд “WAMS” систем нэвтэрч, өнөөдөр нээлтээ хийлээ. “WAMS” нь шилжилтийн горимын хяналт мэдээлэл, удирдлагын нэгдсэн систем юм.

"Тогтворжилт алдагдахаас сэргийлэх автоматик энэхүү систем нь Эрчим хүчний системд үүсч болох бүхий л төрлийн аваарын горимын үед ситемийг тогтвортой авч үлдэх мэдээлэл хүлээн авах, боловсруулах, үйлдэл хийх гэсэн дараалал бүхий алгоритмчлэгдсэн цогц шийдэл бөгөөд 0.02 секунтэд 60 үзүүлэлтээр мэдээлэл цуглуулж дүгнэх боломжтой" гэдгийг “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Реле хамгаалалт, автоматикийн алба /РХАА/-ны дарга Ч.Амарсанаа хэлэв. Энэ системийн ажиллагааны хамрах хүрээ, үйлдлийн дараалал, эзлэхүүнийг Эрчим хүчний системийн динамик тооцооллоор тодорхойлдог байна.
 
Гэрэл зургийг mpa.mn

Тус системийн нээлтийн арга хэмжээнд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн оролцож "Эрчим хүчний систем бие даасан, тогтвортой, найдвартай байх ёстой. Системийн тогтворжилтыг хангахад “WAMS” систем маш чухал үүрэгтэй. Системийг нэвтрүүлэх ажлыг хийсэн багийнханд талархал илэрхийлье.

Бид 2019 оныг Ухаалаг эрчим хүчний жил болгон зарласан. Дэлхий нийт ухаалаг систем, программ хангамж руу чиглэдэг боллоо. Харин манай салбарын хувьд учир дутагдалтай байсан. Энэ жил томоохон дэвшилт гаргаж байгаа нь WAMS юм. Энэ систем нэвтэрснээрээ найдвартай ажиллагаа өснө. Аваарын нөхцөл байдлаа урьдчилан тодорхойлж чаддаг болно. Системээ үнэлдэг болно. Юунаас болов гэдгийг богино хугацаанд тодорхойлдог болно гээд олон талын давуу талтай программ хангамж байгаа. Гол зангилаа дэд станциуд ухаалаг болох шаардлагад үндэслэн “WAMS” системийг нэвтрүүллээ" гэдгийг хэлсэн юм.

 

Уг системийг дэлхийн 40 гаруй улсад ашиглаж байгаа бөгөөд цахилгаан механик шилжилтийн горимын үед тогтворжилт хэрхэн хангагдаж байгаа нь тодорхой бус, ямар төрлийн шилжилтийн горим, савлалтад тогтворжилтоо алдаж буйг тодорхойлж чадахгүй байгаа энэ үед тун өндөр ач холбогдолтой юм байна. 2007, 2015, 2018 онуудад гарсан аваарын дараа "Шилжилтийн горимын хяналт мэдээллийн систем” буюу "WAMS"-г нэвтрүүлснээр урьдчилан сэргийлэх боломжтой нь тодорхой болсон гэдгийг албаныхан онцолж байлаа.

"Системийг нэвтрүүлэх төсөлд нийтдээ 1.8 тэрбум төгрөг зарцуулсан"
 
Гэрэл зургийг mpa.mn

“Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням "“WAMS” системийг ашиглан 2020 оноос нэгдсэн сүлжээний бүх төрлийн горимд тасралтгүй хяналт шинжилгээ хийснээр реле хамгаалалт, автоматикийн тавил тооцооны үнэмшил, тогтворжилт алдагдахаас сэргийлэх төвлөрсөн автоматикийн судалгааны ажил, горимын тооцооны математик загварчлал сайжирч Монгол Улсын Эрчим хүчний системийн цаашдын хөгжилд томоохон ахиц дэвшил гарах болно.

Дээрх ухаалаг системийг нэвтрүүлснээр нэгдсэн сүлжээнд болж байгаа шилжилтийн горимыг асар хурдтай бүртгэж 0.02 секунд буюу нэг үеийн дотор 60-100 хэмжилт хийх бололцоотой. Ингэснээр нэгдсэн системд болж байгаа бүх процессийг тодорхойлох боломжийг олгож байна.

Энэ программыг ажиллуулах инженерүүдээ бэлдэх, хүний нөөцийн чадавх чадамжийг дээшлүүлэхэд нэлээн анхаарч дотооддоо болон гадаадад хүмүүсээ бэлдээд явж байгаа. Системийг нэвтрүүлэх төсөлд нийтдээ 1.8 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ системийг БНХАУ, Энэтхэг, Канад, ОХУ гээд 40 гаруй оронд нэвтрүүлсэн бөгөөд суурилуулж байгаа цэг, төхөөрөмжийн тоогоор манайхаас ялгаатай" гэдгийг хэллээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

“WAMS” систем хэрэгжиж цаашид үе шаттай хөгжүүлсэний үр дүнд дараах үр дүн гарах нь:

  • Шилжилтийн горимын болон реле хамгаалалтын аваар эсэргүүцэх автоматикийн тооцооны үр дүн бодит байдалд ойртож тооцооны үнэмшил цоо шинэ шатанд гарна.
  • Нэгдсэн сүлжээний тогтворжилтийг хангах техникийн арга хэмжээ тодорхой болно.
  • Тогтворжилт алдагдахаас сэргийлэх төвлөрсөн автоматикийн систем бий болно.
  • МУ-ын Эрчим хүчний системийн одоогийн төлөв байдал болон цаашдийн хөгжлийн талаарх судалгаа шинжилгээг өөрийн инженер техникийн ажилтанууд бүрэн хийх чадамжтай болно.
  • Диспетчерийн удирдлага оновчтой, хурдан, зөв шийдэлтэй болох зэрэг үр дүнд хүрэх юм.