Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Korean Air компанийн өв залгамжлагчдын зөрчил ил гарав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Korean Air компанийн гүйцэтгэх захирал Чо Вон Тэ

Өмнөд Солонгосын үндэсний агаарын тээврийн компани Korean Air-ын гүйцэтгэх захирал, түүний эцэг компани Ханжин Группын ерөнхийлөгч Чо Ян Хо энэ оны дөрөвдүгээр сард өвчний улмаас таалал төгссөн билээ.

Түүнийг хүү Чо Вон Тэ нь залгамжилж, Ханжин Группын ерөнхийлөгч, Korean Air компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.

Тэгвэл өнөөдөр буюу Даваа гарагт Чо Ян Хо агсны охидын нэг Хидер Чо мэдэгдэл гаргаж, дүүгээ талийгаач эцгийнхээ гэрээслэлийг зөрчин бусад өв залгамжлагчидтай зөвлөлдөлгүй дур мэдэн шийдвэр гаргаж байгааг эсэргүүцжээ.

Хидер Чо нь 2014 онд Korean Air-ийн нислэгийн үеэр үйлчлэгчийг зодож танхайрсныхаа төлөө шүүхээс шийтгэл хүлээж байсан юм. Тэрээр онгоцны үйлчлэгчийг самар өгөхдөө хүндэтгэлгүй харьцлаа хэмээн биед нь халдаж, нислэгийг саатуулж байв. Тухайн үед энэ дуулиан “самарны хэрүүл” нэртэйгээр Өмнөд Солонгосын болон дэлхийн хэвлэлүүдийн нүүрэнд бичигдэж байжээ.

“Талийгаач эцэг Ханжин Группыг удирдахдаа эв нэгдэлтэй байхыг өв залгамжлагчдадаа захиж байсан. Гэвч Чо Вон Тэ менежмэнтийн чухал шийдвэрийг гаргахдаа талийгаачийн захиасыг үл биелүүлж байна” гэж Хидер Чогийн гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна.

Тэрээр Ханжин Группын үйл ажиллагааг зөв зарчмаар явуулахын тулд бусад хувь эзэмшигчидтэй зөвлөлдөж, арга хэмжээ авахаа илэрхийлжээ.

Хидер Чо, Чо Вон Тэ, бас нэг өв залгамжлагч Эмили Чо нар тус тус Ханжин Группын 6.43, 6.46, 6.42 хувийг эзэмшдэг юм.

 
Зүүн гараас Хидер Чо, Чо Вон Тэ, Эмили Чо нар

Талийгаачийн охид болох Хидер Чо, Эмили Чо нар Korean Air компанийн удирдлагад ажилладаг байсан ч хувийн зан араншингийн асуудлаас болоод өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хоёул албан тушаалаасаа огцорч байв.

Хэдхэн өдрийн өмнө Эмили Чо нь бизнес уулзалтын үеэр оролцогчид руу ус цацсан хэргээр цагдаад шалгагдсан юм. Тэрээр сүүлд “тэнэг зан ааш” гаргасандаа уучлал гуйснаар хэргийг нь хаасан байна.

Талийгаач Чо Ян Хо нас барахаасаа жилийн өмнө хоёр охиныхоо гаргасан зохисгүй ааш авирын төлөө олон нийтээс уучлал гуйж байжээ.

 

Эх сурвалж: Reuters