Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ачит-Эрдэнэ: “Аспайр майнинг лимитэд” эхний 10 жилд улсад 2.3 их наяд төгрөгийн татвар, хураамж төлнө

Т.Саран, iKon.mn
2019 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг Лимитэд" компанийн нийт хувьцааны 51 хувийг “Жем интернэшнл" группийн ерөнхийлөгч, Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг эзэмших болсон тухай мэдээлэл гараад буй. Хувьцаа эзэмшигчдийн бүтцэд орсон уг өөрчлөлттэй холбоотойгоор ТУЗ болон гүйцэтгэх удирдлагынх нь бүрэлдэхүүн мөн шинэчлэгдэж, Ерөнхий захирлаар нь Д.Ачит-Эрдэнэ томилогдсон. 

“Аспайр Майнинг Лимитед” компани Овоотын коксжих нүүрсний орд болон Жилчигбулаг, Мянганы нүүрсний төслүүдийг 100% эзэмшдэг бөгөөд Монголын коксжих нүүрсний шинэ бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахаар ажиллаж буй компани. 

“Аспайр Майнинг Лимитэд”-ийн шинэхэн Ерөнхий захирал Д.Ачит-Эрдэнийн "Овоотын мэдээ" сонинд өгсөн ярилцлагаас ОНЦЛОХ эшлэлүүдийг хүргэж байна.

Тэрбээр хөрөнгө оруулалтын зөвлөгөө, андеррайтинг, брокерийн MICC компанийг 2005 онд байгуулж, санхүү, үнэт цаасны зах зээлийн чиглэлээр туршлагатай нэгэн бөгөөд гадаадын зах зээлээс хөрөнгө оруулалт татах томоохон хэмжээний хэд хэдэн төсөл дээр амжилттай ажилласнаас гадна Монголын тэргүүний компаниуд болох “Моннис”, “Таван богд”, "Номин”, “Шунхлай Групп”-т санхүүжилт татах, нэгдэн нийлэх хэлцлүүдэд зөвлөхөөр ажиллаж байжээ. 



  • Овоотын бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулж, Монгол Улсын, тодруулж яривал Хөвсгөлийн шинэ нэр төрлийн экспортын брэндийг бий болгож амжих нь чухал байна. Иймд компанийн шинэ удирдлагад бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, барилгын ажил, олборлолтыг эхлүүлэх, дутагдалтай байгаа хөрөнгө, санхүүжилтийг босгох гэх чухал зорилтууд тавигдаж байгаа.
  • “Аспайр майнинг лимитэд” компанийн хийхээр бэлтгэж байгаа “Овоотын баяжуулах үйлдвэр”-ийн цогц бүтээн байгуулалт бол маш ирээдүйтэй, улс орны эдийн засагт чухал байр суурь эзлэх төсөл юм.
  • Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоот орд өндөр чанарын коксжих нүүрстэй. Нөөцийн хэмжээг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 227 сая тонн гэж бүртгэж авсан. 
  • “Аспайр майнинг лимитэд” компани энэ ордод эхний ээлжинд 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна. Ордод ил уурхайн аргаар олборлолт явуулж, эхний ээлжинд жилд 4.0 сая тонн баяжуулсан бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай үйлдвэр барьж боловсруулалт хийнэ. 
  • Эхний ээлжинд тусгай зориулалтын хүнд даацын хатуу хучилттай авто замыг Овоотоос Эрдэнэт хот хүртэл нийт 560 км татаж, тээвэрлэлтээ хийнэ. 
  • “Жем интернэшнл” групп буюу манай гол хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч маань Овоот ордыг түшиглэн 75 мВт-ын цахилгаан станц барих юм. 
  • Компанийн хувьцааны нийт 60 шахам хувийг нь монголчууд эзэмшиж байна. Мөн компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын бүрэлдэхүүний дийлэнхийг монгол хүмүүс бүрдүүлэхээр болоод байгаа. Тэгэхээр энэ компани бол яах аргагүй Монголын үндэсний хөрөнгө оруулагчдын компани болсон гэсэн үг. 
  • Хэдийгээр Овоотын орд Оюутолгой, Тавантолгой шиг стратегийн том орд биш ч Монгол Улсын хойд бүс нутгийн эдийн засагт багагүй нөлөөтэй байх тооцоотой ажиллаж байна.
  • Эхний 10 жилд улсад нийт 2.3 их наяд төгрөгийн татвар, хураамж төлнө. Шууд ба шууд бусаар 1,200 гаруй ажлын байр шинээр бий болгоно. 
  • Зөвхөн бүтээн байгуулалт өрнөх Цэцэрлэг суманд л гэхэд татвар, хураамжаар 10 жилд 87 тэрбум төгрөг, жилд дунджаар 8.7 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. 
  • Компани хариуцлагатай уул уурхайн нийтлэг зарчмуудыг хэрэгжүүлж, сум орон нутагтайгаа хамтын ажиллагааны гэрээ байгуулан эрүүл мэнд, боловсрол, соёлын өв, байгаль орчин, жижиг, дунд бизнесийг дэмжиж ажиллана.
  • “Аспайр Майнинг Лимитэд” компани олон улсын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, дэлхийн дахинд олон сая ширхэг хувьцаа арилждаг давуу талтай. Бид энэ давуу талаа нутгийн иргэдтэй хуваалцах арга замыг судалж байна. Иргэдэд хувьцаа эзэмшүүлж, алсдаа ногдол ашиг хуваарилах хэлбэрээр нутгийнх нь хишиг буяныг иргэдэд бодитойгоор хүртээх боломжтой.