Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэн УИХ-д орвол ёс зүй, оюуны чадамжийн хувьд зарим гишүүнээс илүү байхыг хүлээн зөвшөөрч чадахгүй байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сонгуулийн тухай хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэр дэвших квот тогтоох санал яригдаж байв.

Гэвч Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ санал дэмжигдээгүй юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ц.Чинбаттай ярилцаж, байр суурийг нь сонслоо. Тэрбээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагуудын Шүхэр ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажилладаг бөгөөд дээрх саналыг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн нэгэн юм.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд квот тогтоох тухай санал ТББХ-ны хуралдаанаар дэмжигдээгүй. Үүний учир шалтгааныг юу гэж үзэж байна вэ? 

-Ардчилсан нийгэм тогтоод 30 жил болоход хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмд тэгш оролцоотой байх боломж тун хангалтгүй байгаа.

Бодит байдал дээр бидний олон эрх зөрчигдөж байна. Улс төрийн эрх хангагдаж байж, бусад эрх нь хангагдах учир квот тогтоох тухай саналыг анх удаа гаргасан.

Ингэхдээ нэр дэвшигчдийн 3-5 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхаар санал оруулсан ч бүтсэнгүй. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй 110 мянган сонгогчоо үл хүндэтгэж байгаа хэрэг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн УИХ-ын гишүүн болсноор ямар нэг сангаас хулгай хийхгүй, ёс зүй, оюуны чадамжийн хувьд зарим гишүүнээс илүү байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа байх.

-Байнгын хорооны хуралдааны үеэрх гишүүдийн байр суурь ямар байсан бэ. Дэмжээгүй үндэслэлүүдээ хэлсэн байх?

-Квот тогтоочихоор нэр дэвших хүн олдохгүй бол яах вэ гэх хүн байсан. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оюуны чадамжгүй мэтээр харж байна уу гэх бодол төрүүлсэн. 

Хуралдаанаар нэлээд яригдаад унасан ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү зарчмын зөрүүтэй саналаар УИХ-ын чуулганд оруулсан юм. Чуулганаар батлагдсан ч, нэг гишүүний кноп дарагдсангүй гээд дахин санал хураахад унагаачихсан. 

УИХ-ын дэд дарга хэлэхдээ хэнд ч сонгох, сонгогдох эрх нь нээлттэй байгаа гэж байв. Тэгвэл яагаад эмэгтэйчүүдэд квот тогтоодог байж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхийг унагаав? Энэ нь Монгол ардчилал хэр зөв тогтсон бэ гэдгийг харуулж байгаа. Ялгаварлан гадуурхахгүй гэж Үндсэн хуульд заасан хэр нь ялгаварлан гадуурхсан гэж үзэж байна.

Хэн нэгэн хүн УИХ-ын гишүүн болъё гээгүй юм. Боломжийг олгооч л гэсэн.

Ардчилал гарснаас хойш төр засгийнхан олон удаа гадагшаа явцгаалаа. Тэдгээр улсын парламентад хөгжлийн бэрхшээлтэй хүн их байдаг. Гэтэл тэд шийдвэр гаргах түвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг заавал оролцуулдаг талаар яагаад бодож үзсэнгүй вэ. 

-Та бүхэн сонгох эрхээ хэр зэрэг эдэлж байна гэж дүгнэж байна вэ?

-Нэн тэргүүнд нууцаар санал өгөх эрхээ хангуулж чаддаггүй. Хараагүй хүнд самбар өгөхөд хүн бүрийн нүдэнд ил тод саналаа дугуйлдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үл тоож байгаа нэг учир нь сонгуульд санал өгөхгүй байгаа гэж үздэг. Магадгүй сонгуулийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 60-70 хувь л саналаа өгдөг байх. Манай улс ардчилалд шилжээд 30 жил болохдоо хүний эрхийн тунхаг, олон улсын ихэнх конвенцэд нэгдсэн ч бүгд тунхгийн шинжтэй байна. 

Би 2011 онд Япон улсын парламентын гишүүн асан Хори Тошиказүгийн “Тэмцэл дунд туулж өнгөрүүлсэн он жилүүд” хэмээх номыг монгол хэлнээ хөрвүүлж, хянан тохиолдуулан, тухайн үеийн УИХ-ын гишүүдэд хүргүүлж байв. Улс төрийн эрхийг хангаж байж бусад эрх хангагддаг юм байна гэдгийг эрх баригчдад ойлгуулахыг хүссэн.

Гэтэл тэд уншаагүй бололтой, магад уншсан ч ойлгоогүй байх. Улс төрийн эрхийг хангаж, оролцох боломжийг олгосноор зөв хандлагыг төлөвшүүлнэ. Учир нь өөрсдөд нь ямар бэрхшээл тулгарч байгааг тэд хамгийн сайн мэдэх тул оновчтой шийдэл гаргахад тустай юм.

-Гаднын улсуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ улс төрийн үүрэг оролцоог хэрхэн хангадаг талаар жишээ дурдахгүй юу?

-Япон, Солонгосын парламентад хараагүй, тэргэнцэртэй гишүүн байдаг.  Францын Хууль зүйн сайд нь хараагүй хүн бий, Германд ч мөн тэргэнцэртэй гишүүн байдаг гэх мэтчилэн жишээ олон байдаг.

Эдгээр хүн эрүүл хүмүүстэй өрсөлдөөд гарч ирсэн юм биш. Тухайлбал, Японы сонгууль пропорциональ тогтолцоогоор явагддаг бөгөөд жагсаалтын эхний гуравт хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхыг хуульчилсан байдаг. Солонгост ч ийм. 

Б.Болороо талбай дээр суулт зарлахад Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх гарч ирээд юу гэж хэлээд таг болов, АН-ын дарга С.Эрдэнэ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан хүний хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жаргал зовлонг хамгийн ихээр мэддэг гэдэг ч яагаад дуугарахгүй байгаа юм бэ. Сонгуулийн Ерөнхий хорооны дарга ч гэсэн 110 мянган сонгогчийн эрх яригдаж байхад чимээгүй байсныг гайхсан.