Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд УИХ-д нэр дэвших 5 хувийн квот тогтоож өгөхийг хүслээ

Г.Номин, iKon.mn
2019 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хуулиар баталгаажуулах асуудлаар санал гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлээд байгаа ажээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагуудын Шүхэр ерөнхий зөвлөлийн ерөнхийлөгч Ц.Оюунбаатар "Өмнөх сонгуулиудын жишээнээс харахад, санал авах байр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хүртээмжтэй биш байгаа. Мөн сонгуулийн сурталчилгаа, нэр дэвшигчийн танилцуулга, санал өгөх талаарх зааврыг дохионы хэлээр хүргэх, брайл үсгээр бичсэн саналын хуудас хэвлэх, тэргэнцэртэй иргэдэд зориулсан дэд бүтцийг санал авах байранд бий болгох шаардлагатай байна. 2008 оны сонгуулиар санал авах байрууд дээр тэргэнцэртэй иргэдэд зориулсан дэд бүтцийг шийдсэн ч 2012 оны сонгуулиар үгүй болчихсон. Тиймээс эдгээрийг хуульчилж өгөх хэрэгтэй байна.

Нөгөө талаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгогдох эрхтэй. УИХ-ын сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдэд квот тогтоодог шиг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд квот олгох санал гаргаж байна" гэлээ.

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 105,000 орчим иргэн байгаа нь нийт сонгогчдын 10 хувийг эзэлж байгаа юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

"Бидний асуудлыг бидний оролцоогүйгээр шийдвэрлэхээр 30 жил оролдсон хэдий ч дорвитой үр дүнд хүрсэнгүй. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэр дэвшигчдийн 5 хувийн квот тогтоож, Сонгуулийн хуульд оруулж өгөхийг хүсэж байна. Сонгогчдын 10 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нөхцөлд сонгогдох эрхийг хангах шаардлагатай" хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ц.Чинбат ярилаа.

2019 оны хавраас Сонгуулийн хуульд оруулах саналаа өгч эхэлсэн ч төсөлд саналууд нь тусаагүй байсан тул дахин Төрийн байгуулалтын байнгын хороонд хандаж, хэлэлцүүлгийн шатанд саналуудаа оруулахаар ажиллаж байгаагаа тэд хэлсэн юм.