Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хавдрын өвчнийг анагаахад туслах “Сэтгэл зүйн төв” нээгдлээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсад өнөөдрийн байдлаар хорт хавдар өвчний оноштой эмчлүүлсэн, хянуулж байгаа, эдгэрсэн гэх нийт 20,000 гаруй иргэн бий.

Эдгээр хүмүүст өвчнөө ялан дийлэхэд тусалж, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх төв байх нэн шаардлагатай гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлдэг.

Тэгвэл өнөөдөр JCI байгууллагын санаачилгаар Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ын 100 хувийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Ногоон гэр” төслийн хүрээн дэх үйлчлүүлэгчдэд дэмжлэг үзүүлэх “Сэтгэл зүйн төв” Хавдар судлалын үндэсний төвд үүдээ нээлээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн тус төвийн нээлтийн үеэр хэлэхдээ “Хавдрын өвчин нь удаан хугацаанд, олон давталттай эмчилгээ шаарддаг зэрэг удаан хугацааны тэвчээр хатуужил шаарддаг их өвөрмөц өвчин. Энэ өвчнийг даван гарах нь зөвхөн эмчээс хамаарах бус, тухайн өвчтний сэтгэл зүй болон ар гэрийнхнийх нь сэтгэл зүйн байдал чухал үүрэгтэй байдаг. Энэ бүгд нийлж байж үр дүнг гаргадаг. Тэр утгаараа энэхүү “Сэтгэл зүйн төв” байгуулагдаж буй явдалд маш их баяртай байна.

Төвийг бий болоход хөрөнгө оруулсан ТИКА байгууллага болон санаачилсан JCI байгууллагадаа талархсанаа илэрхийлье. Мөн хорт хавдар бол үхэл биш гэдгийг батлахын төлөө бид бүхэн ажилладаг” хэмээн онцолсон.

Эмчилгээ хийлгэж буй иргэдийн хувьд эмнэлгийн орноос түр ч гэсэн хөндийрч, гэртээ байгаа мэт орчинд орчинд өөрийгөө тайван байлгаж, мэдээ мэдээлэл авах, шатар тоглож, ном уншин стрессээ тайлах болон ар гэрийнхэнтэйгээ хамт цагийг өнгөрөөх боломжийг энэхүү Сэтгэл зүйн төв олгох юм байна.

 
Гэрэл зургийг MPA.mn

ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр "Монгол Улсын хэмжээнд Хавдрын өвчнөөс болоод нас барж байгаа иргэдийн тоо нь нийт хүн амтай нь харьцуулахад маш их байдаг. Дэлхийд дээгүүр ордог гэж сонсоод судалгааны ажил ч хийсэн. JCI байгууллагаас манайд хандан энэ өвчний талаар яриад бидэнд туслаад санхүүжүүлээч гэх санал тавьсан юм. Бид бүхэн судалж үзсэний үндсэн дээр санхүүжүүлэхээр болсон. Учир нь хавдрын эмчилгээнээс гадна сэтгэл санааны тайван байдал чухал нөлөө үзүүлдгийг мэдсэн.

TIKA байгууллагын хувьд 2004 оноос хойш 15 жилийн хугацаанд Монгол Улсын аялал жуучлал, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүхий л салбарт нийтдээ 50 гаруй сая ам.долларын 670 гаруй төслийг хэрэгжүүлжээ.