Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хугацаа нь дууссан хиамыг буцаан татсаны дараа иргэд дахин худалдаалж байгаа зөрчил илэрчээ

Г.Номин, iKon.mn
2019 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МХЕГ-аас шинэ жилийн баярыг угтан хийж буй хяналт шалгалтын явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ сарын 2-ны өдрөөс эхэлсэн уг шалгалтад хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгч 462, хүлээн авалт хийж байгаа нийтийн хоолны үйлдвэрлэл эрхлэгч 335 түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч /бялуу, хиам/ 85 үйлдвэр цехүүд нийт 557 аж ахуй нэгж байгууллага, 325 иргэнийг хамруулжээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Үйлдвэрлэл үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Т.Түмэнжаргал "Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад улсын хэмжээнд нийт 2,106 зөрчил дутагдал илрүүлж 1,241 буюу 60 хувийг газар дээр нь арилгуулсан. Мөн хугацаатай үүрэг даалгавруудыг өгч байгаа.

Шалгалтын явцад өмнөх жилүүдэд гардаг байсан буюу чанар аюулгүй байдлаа алдсан, хэрэглэх хугацаа хэтэрсэн, түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүний хадгалах горим мөрдөөгүй, температурын бүртгэлгүй 29, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй 49, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 72 худалдаа, үйлчилгээний газар байснаас гадна 38 нэр төрлийн бүтээгдэхүүн гарал үүсэл тодорхойгүй, 43 нэрийн бүтээгдэхүүн баталгаажилтгүй байсан зөрчил илэрлээ.

Одоогоор 10 сая гаруй төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан устгах арга хэмжээ авч, Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэд, ААН-үүдэд нийт 14 сая төгрөгийн торгууль ногдуулаад байна.

Улс даяар 200 гаруй байцаагч хяналт шалгалтыг явуулж байгаа бөгөөд орон нутагт илэрсэн зөрчлийн талаар мэдээллийг төв рүү өгч, мэдээллийн дагуу бид нийлүүлэгч дээр очиж хяналт шалгалт хийгээд, зөрчил илэрвэл арга хэмжээ авч байгаа" хэмээн ярилаа.

Баярын үеэр архи согтууруулах ундаатай холбоотой зөрчлүүдийн тоо нэмэгддэг. Энэ удаагийн шалгалтын үеэр гэхэд Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан стандартын шаардлага хангаагүй “Мөнхжин Од” ХХК-ийн “Хандгай”, “Гучин ес” нэрийн 102 шил 518 мянган төгрөгийн архийг улсын байцаагчийн актаар хураан авжээ.

Мөн мах боловсруулах үйлдвэрүүд нь хадгалах хугацаа, хэрэглэх хугацаа дууссан хиам, хиаман бүтээгдэхүүн зайдсыг хүнсний худалдааны сүлжээнээс буцаан аваад нохой, гахайн хоолны зориулалтаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн гар дээр худалдаалж, авсан иргэд цааш нь худалдаалж байгаа зөрчил тогтоогдсон учир Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг үндэслэн зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Баяр ёслоын үеэр хоолны хордлогот халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байдаг. Сүүлийн таван жилд гарсан хоолны хордлогот халдварын тохиолдлын 20 гаруй хувь нь хүүхдийн байгууллагад 30 орчим хувь нь нийтийн хоолны газар/хурим найр, шинэ жилийн аргах хэмжээний үеэр/ 20 гаруй хувь нь гэрийн нөхцөлд бэлтгэсэн хүнсэнд хордсоноос үүдсэн байдгийг Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд хэллээ.

"Экспортын гэрчилгээ, импортын мэдэгдэл бичиж, олгох асуудлыг орон нутгийн МХГ, ХМХА-дад шилжүүллээ"

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2019 оны иргэн төвтэй, үр дүнд чиглэсэн төрийн үйлчилгээг төлөвшүүлэх жил болгон зарласантай холбогдуулан Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас хэд хэдэн томоохон ажлыг хийж хэрэгжүүлээд байгаа ажээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар тус газрын дарга Л.Дашмягмаржав "Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас төвлөрлийг сааруулах зорилгоор амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд экспортын гэрчилгээ, импортын мэдэгдэл бичиж, олгох асуудлыг орон нутгийн МХГ, ХМХА-дад шилжүүллээ.

Мөн дамжуулан тээвэрлэх мэдэгдлийн хугацааг 10 хоног болгож, олон улсын боомтоор гэрчилгээ, мэдэгдэл бичих аймаг, нийслэлийн тоог нэмэгдүүлэх тухай нэмэлт өөрчлөлт орууллаа.

Иргэн, ААН экспортын гэрчилгээ, импортын мэдэгдэл олгох хүсэлтээ цахимаар өгөх, цахим системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр гэрчилгээ, мэдэгдлээ авахаар мэргэжлийн хяналтын байгууллагад нэг удаа л очих болж байгаа юм.

Гурилын холбоо, Цагаан будаа импортлогчдын холбоо, Жимс, ногоо импортлогчдын холбоо, Арьс, шир, ноос ноолуур үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын махны холбоо, Өлөн гэдэс экспортлогчийн холбоо, Зөгийн бал.сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо болон мал, амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн импортлогч, экспортлогч, гоо сайхны бүтээгдэхүүн импортлогч нартай 11 удаа уулзалт хэлэлцүүлгийг хийж, хяналт шалгалтад тулгамдаж буй асуудлаар харилцан мэдээлэл солилцож, ажилласан" хэмээн ярилаа.

Зураг
13 | 16 | 15 цаг